С.Даваасүрэн: Хагас коксон түлшний чанарт ямар ч эргэлзээ байхгүй
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотын айл өрх энэ жилээс хагас коксон түлшинд шилжээд байна. Хагас коксонд шилжих ямар шалтгаан нөхцөл байв. Хэрэглээнд нэвтрээд бас багагүй хугацаа өнгөрчихлөө. Эхний байдлаар ямар дүгнэлттэй байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Бид "MCS"-тэй мидлингийн гэрээ хийж, өнгөрсөн жилүүдэд сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн. Гэрээ энэ оны гуравдугаар сарын нэгэнд дуусаж, "MCS" компанийн зүгээс цаашид мидлинг нийлүүлэх боломжгүй, гэрээгээ сунгахгүй гэдгээ илэрхийлсэн.
Ингээд Улаанбаатар хот галлагааны улиралд юу түлэх вэ гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Энэ үед түүхий нүүрс рүү эргэж ухрахгүй гэдэг дээр бат зогссон. Нийслэлчүүд 2018, 2019 он хүртэл түүхий нүүрс түлж, өмнөх машиныхаа гэрлийг харахгүй болтлоо хүнд байдалд орж үзсэн. Манай Үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачид ч "ямар ч тохиолдолд түүхий нүүрс рүү ухарна гэсэн ойлголт байж болохгүй шүү, нөхцөл байдал улам хүндэрнэ" гэдгийг хэлж байсан.
Тэгээд эхний ээлжид Тавантолгойн уурхайн тэг давхаргын эрчим хүчний нүүрсийг угааж баяжуулаад түлш хийх шийдвэр гаргасан. Ингээд Тавантолгойн уурхайн тэг давхаргын эрчим хүчний нүүрсийг угааж баяжуулаад түлш хийж үзсэн. Харамсалтай нь шинжилгээний үр дүн тааруу, өмнө хэрэглэж байсан мидлингээсээ хоруу чанартай гарсан.
-Ер нь "MCS" яагаад гэрээгээ сунгахгүй гэсэн юм бэ. 2019 оноос хойш зургаан жилийн хугацаанд хэрэглэсэн шүү дээ. Магадгүй сайжруулалт хийгээд явах боломж байгаагүй юу?
-"MCS" компанийг элдвээр гоочиллоо шүү дээ. Бараг л устгаж барахгүй хогоо нийслэл рүү өгдөг гэх зүйл ярьсан. "MCS" компани ч нийгмийн буруу ойлголтоос залхаж, нийлүүлэлтээ зогсоосон байх.
Бидний зүгээс өөрсдөө түлшээ үйлдвэрлэж, хэрэглэе гээд Шинжлэх ухааны академийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран туршилт хийсэн ч үр дүн олигтой гараагүй. Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцээд, 2025-2026 оны галлагааны улиралд ард иргэдэд чанаргүй түлш нийлүүлж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан. Энэ цаг үетэй давхцаад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уначихсан, Хятадад ч хагас коксон түлшний үнэ боломжийн хэмжээнд хүрсэн байсан. Ингээд нийслэлээс судалгаа хийж, БНХАУ-аас хагас коксон түлш импортолж авахаар шийдвэрлэсэн.
Гэхдээ гэнэт огцом гаргасан шийдвэр биш гэдгийг тодотгох нь зүйтэй. Өмнө нь энэ түлшийг судлах ажлын хэсэг ажилласан байдаг. Мидлинг, хагас коксон түлшийг харьцуулсан лабораторийн шинжилгээнүүд ч хийсэн. Шинжилгээгээр хагас коксон түлш мидлингээс хоруу чанар нь хоёр дахин бага гарсан. Тиймээс бид дотоодын хагас коксын үйлдвэр байгуулах хүртлээ түлшээ импортоор авч хэрэглэх шийдвэр гаргасан юм.
Хэрэглээнд нэвтрүүлэх явц ерөнхийдөө жигдэрч байна. Өдөр бүр www.agaar.mn сайтаас агаарын чанарын мэдээллийг хардаг. Улаанбаатар хотод байгаа суурин 19 харуулын мэдээгээр агаарын бохирдол өндөртэй ганцхан газар байгаа нь Баянхошуу орчим. Мөн Дамбадаржаа орчимд бохирдолтой байна. Бусад нь хэвийн шар түвшинд байгаа.
-Өнөөдрийн байдлаар 100 хувь хагас коксон түлш хэрэглэж байна уу. Мидлингтэйгээ хосолсон хэлбэрээр явж байна уу?
-Монгол Улс түүхэндээ нунтаг, задгай бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж байсан тохиолдол бараг байдаггүй. 1958 оны үед Орос Монголын гэрээгээр Хятадаас бүтээгдэхүүн импортолсон байдаг.
Одоо үйлдвэрээс түлшээ татаж, Эрээнд өргөн царигтай вагоны талбайд буулгаад, тэндээс наашаа ачиж ирэх гээд техник ажиллагаа ихтэй байгаа нь үнэн. Коксон түлшинд шилжих шийдвэр ч нэлээн оройтож гарсан тал бий. Гэхдээ ид хүйтний үед иргэдээ түлшээр таслахгүй, нөөц бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Эхний ээлжинд мидлинг, хагас кокс түлшийг 1х4 харьцаатайгаар хэрэглээнд нэвтрүүлсэн. Харин энэ сарын 1-ээс эхлэн 100 хувь хагас коксон түлшээ хэрэглэж байна.
-"MCS"-ээс мидлинг нийлүүлэхээ зогсоосон шүү дээ. Одоо түлж байгаа мидлингээ хаанаас авч байгаа юм бэ?
-"Энержи ресурс"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэднээс авч байгаа мидлингээ уурын зуухуудад нийлүүлж байна.
-Олон нийтийн дунд түлш олдохгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Мөн үнийг яаж тогтоосон байдаг вэ?
-Өмнө нь түлшийг 500 орчим цэгээр гудамжны нүүрний эгнээнд худалддаг байсан. Энэ жил цэгүүдийн тоог цөөлж, 300 орчим болгосноос гадна гудамжны нүүрний эгнээнд зарахаа больсон. Одоогоор байдлаар 150 гаруй айл өрх картаар түлшээ авч байна. Мөн "Хотула" апплейкшнээр айлууд захиалгаа өгч, нийлүүлэлт хийж байна. "Хотула" апплейкшнд шилжсэнээр иргэд өөрт ойрхон цэгт захиалгаа өгөх боломжтой.
Үнийн хувьд анх сайжруулсан түлшид шилжихэд Засгийн газрын тогтоол гарч байсан. Тус тогтоолд сайжруулсан түлшийг түүхий нүүрсний дундаж үнээс илүүгүй байна гэдгийг зааж өгсөн. Засгийн газрын өмнөх тогтоолыг мөрдлөг болгож, хагас коксон түлшний үнийг ч 5000 төгрөгөөр тогтоосон.
-Хятадаас бид хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа вэ?
-Хил нөхцөлөөр нэг тонныг 730 гаруй мянган төгрөгөөр авч байна. Гааль, тээвэр, савлагаа, шуудайтайгаа нийлээд 1.3 сая орчим болж байна. Үүнийг 200 мянган төгрөгөөр айл өрхөд худалдаалж байна. Үнэ хэт зөрүүтэй ч Тавантолгой түлш ХХК дээр тодорхой зохицуулалтыг хийж байна. "Эрдэнэс Тавантолгой"- гоос жилд 300 орчим тэрбум төгрөгийн татаас авдаг. Энэ үнэдээ бариулж байгаа. Хэрэглээ багасаж байна. Мидлингээр өдөрт дөрөв галладаг байсан бол хагас коксоор гурав галлаж түлшний хэмнэлт гарахаар байна. Мөн "Таван Толгой түлш" ХХК өөрийн дотоод зардал, орон тоогоо багасгасан. Мидлинг үйлдвэрлэхээ больсноор зардлуудад тодорхой хэмнэлт гарч байгаа болов уу. Тээвэрлэлтэд гэхэд Монголоос төмрийн хүдэр, жонш ачаад гарч байгаа вагоныг ашиглаж байна. Шуудайны уутыг цаасан материалаар хийсэн. Учир нь айлууд түлшний үлдэгдлээ шуудайтайгаа түлчихдэг. Энэ нь агаар, орчныг бохирдуулах бас нэг эх үүсвэр болоод байгаа юм.
-Шуудайгаа бид дотооддоо үйлдвэрлэх боломж байхгүй юу?
-Бид бүх зүйлийг өөрсдөө үйлдвэрлээд байх боломжгүй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань өртөг өндөртэй байдаг. Хятадын том зах зээл хажууханд байхад бид үүнийг ашиглах ёстой. Алдагдалтай тохиолдолд заавал өөрсдөө үйлдвэрлэх гээд хэрэггүй. Шуудайгаа дотоодын зах зээлээс авъя гэхээр үнийн саналууд хэт өндөр орж ирдэг.
-Та түрүүнд хагас коксын үйлдвэр гэж ярилаа шүү дээ. Ер нь цаашид бид агаарын бохирдлын асуудлыг гал унтраах түвшинд авч яваад байх юм уу?
-Багануурт хагас коксын үйлдвэр байгуулах Засгийн газрын тогтоол гарчихсан. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн хажууд байгуулах байсан ч нийслэлд шилжүүлээд асуудал жаахан хойшилсон тал бий. Үйлдвэрийн ТЭЗҮ хийгдээд дуусаж байгаа байх. 2026 оны эхээр нийслэл рүү шилжүүлэх шийдвэр баталгаажиж, төслийн хэрэгжилт эрчимжинэ гэсэн хүлээлттэй байна. Тендер зарлагдаад 1-2 жил болох болов уу. Үйлдвэрийн эхний шугам нь зөвхөн нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх хагас коксон түлш үйлдвэрлэнэ. Тэгэхээр их өөдрөгөөр бодоход ирэх өвлөөс бид эх орондоо үйлдвэрлэсэн түлшээ түлнэ. Гэхдээ төсөл өөрөө хэцүү л дээ. Ямар ч маргаан гарахыг үгүйсгэхгүй.
Дараагийн нэг хувилбар нь Дорноговь аймагт антрацит нүүрс байна. Асах чанар сайтай, сайн нүүрс. Үүнийг Тавантолгойн уурхайн өндөр килокалоритой нүүрстэй хольж, түлш гаргаад нэг жилдээ хэрэглэе гэдэг зүйлийг ярьж байгаа. Шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч байна. Хэрэв лабораторийн шинжилгээний дүнгээр асалт нь гайгүй гарвал бид нэг жилдээ хэрэглээд цаашдаа хагас коксоо хэрэглээд явах боломжтой гэж харж байна. Агаарын бохирдлын асуудлыг урт хугацаандаа шийдэх нь мэдээж чухал. Орон сууцжуулах, хийн газанд шилжүүлэх асуудал ч яригдаж байгаа.
-Хийн түлш буюу газанд шилжих нь хэр оновчтой шийдэл вэ?
-Нийслэлийн хэмжээнд эхний ээлжид 5000 айлыг хийн түлшинд шилжүүлэх гэж байна. Ирэх оноос эхлэх байх. Айлуудыг дулаалж байна. Ер нь манайхан нийтлэг айлын эрх хүүхэд шиг хандлагатай. Дулаалъя гэхээр дулаалгад оролцохгүй, хойшлуулъя гэдэг. Хийн түлш харьцангуй өртөг өндөртэй учраас тухайн айлыг зайлшгүй дулаалсан тохиолдолд хэрэглэнэ шүү дээ. Зарим нь зардлын 30 хувийг нийслэлээс гаргаж, 70 хувиа төлнө гэхээр татгалзаж байна. Энэ ажилд олон нийтийн оролцоо бас чухал байна. Ер нь бид утаанаасаа бүрэн салъя гэвэл хатуу түлшнээсээ л салах хэрэгтэй. Нүүрсийг яаж ч сайжруулаад утаа гарах нь л тодорхой шүү дээ. Түлшээ модоор асаана. Хэмжээд үзэхэд модны угаар ч өндөр байдаг. Өнгөрсөн хавар бидэнд ОХУ-ын модоор хийсэн түлш санал болгож байсан. Их аятайхан цэвэрхэн. Тэгээд шинжилгээнд өгсөн ч үр дүн тааруу гарсан.
- Хагас коксон түлшний шинжилгээний дүн ер нь яаж гарсан байдаг вэ?
-БНХАУ-ын үйлдвэрлэгч компани яг адилхан стандартаар 27 сая.тонныг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. Бид түүнээс нь багахан хэсгийг хэрэглэж байна. Тиймээс хагас коксон түлшний чанарт эргэлзээд байх шаардлагагүй. Зөвхөн Монголд зориулаад чанар стандартаа өөрчилж, зардлаа нэмээд муу түлш үйлдвэрлэнэ гэж байхгүй. Мөн Хятадын улсын компанитай гэрээ хийсэн. Улсын үйлдвэрүүдийн хяналт их, хуулийн шаардлага ч өндөр байдаг. Тэгэхээр хагас кокс түлшинд тээнэгэлзэх юм байхгүй.
Ер нь итгэлийн индекс алдрах тусам зардал нэмэгдэнэ. Манай "Тавантолгой түлш"-ийнхэн түлшээ баталгаажуулахын тулд маш их зарлага гаргаж, лабораториудад шинжлүүлж байна. Хятадад байгаа лаборатори, Эрээн дээр ирээд дахиад олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байна. Тэгээд орж ирэхэд нь гааль шинжилж байна. Дахиад итгэмжлэгдсэн лабораториуд 3-4 удаа шинжилж, тэр болгонд маш их зардал гардаг. Ердөөсөө л сайн гэдгийг нь л батлах гэж тэр шүү дээ.
-Тэгэхээр одоо түлшний чанарт эргэлзээгүй, дэд бүтцийг Тавантолгой түлш, нийслэл хариуцаж байна. Энэ өвөл нийслэлчүүд амгалан өвөлжиж болох нь гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Түүхий нүүрс хэрэглэж байх үед ямар үнэртэй, ямар нөхцөл байдалд байсныг бүгдээрээ мэднэ. 2019-2020 онд мидлингээр хийсэн сайжруулсан түлшинд шилжихэд иргэд "Өөр юм үнэртээд байна, химийн бодис юм биш үү" гэж эргэлзэхэд гадаад, дотоодын янз бүрийн лабораторид шинжлүүлдэг байсан. Яг л манай лабораторийн шинжилгээг баталгаажуулдаг. Одоо хагас кокс руу шилжлээ. Дахиад л нөгөө гомдол бидэнд ирж байна. Үнэр нь өөр байна гээд л.
"Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" угаар мэдрэгч төхөөрөмжтэй айлуудыг хянадаг. Хяналтын нэгдсэн системээр айл бүрийг ажиглаж, угаар хий мэдрэгдсэн айлууд ч утасдаж, сэрэмжлүүлэг өгдөг. Мэдрэгчээ салгасан дохиолол ч ирдэг. Тэгэхээр айлууд мэдрэгчээ байнга ажиллуулж, дохиолол дуугарсан бол унтраах биш цонх, хаалгаа онгойлгож, агаар сэлгэлт хийхэд анхаарах нь чухал байна.
-Засгийн газраас "Тавантолгой түлш" компанийг нийслэл рүү шилжүүлэх шийдвэр гаргасан шүү дээ. Энэ хэр оновчтой шийдвэр байсан бэ?
-Нийслэл рүү шилжсэнээр асуудал эзэнтэй болсон гэж ойлгож байгаа. Нийслэлийн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг нийслэл өөрөө хариуцах нь зөв.
-Гэр хорооллын айл өрхөөс гадна автомашины утаа бас нэлээд хувийг эзэлдэг шүү дээ. Энэ асуудал хэрхэн анхаарч байна вэ?
-ЖАЙКА-гийн мэргэжилтнүүдийн судалгаанаас агаарын бохирдлын 55 хувь нь айл өрхөөс, 15.5 хувь нь уурын зуух станцаас 30 орчим хувь нь автомашинаас үүсэж байна гэсэн. Энэ бол хуучин судалгааны үр дүн. Одоо энэ тоо дахиад ч нэмэгдэх байх. Ер нь одоо АИ-92 түлшийг Монголоос өөр хэрэглэдэг газар байдаг юм уу. Энэ асуудлаар бид Аж үйлдвэр,эрдэс баялгийн яамны холбогдох хүмүүстэй уулзсан. Цаашид Евро-5 руу шилжүүлье гэдэг асуудлыг ярьж байна. Мөн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хотын Засаг дарга нарын хамтарсан бүсийн журам гарсан. Ийм бүсүүдэд Евро 2-ыг худалдаалахгүй гэсэн. Үүн дээр нэг л асуудал байгаа. Евро-5 арай үнэтэй шүү дээ. Гэхдээ бид "Дөтийн замыг туулж байж дөрөв хононо" гэдэг шиг хямдхан юм хэрэглээд хэмнэсэн мөнгөө эрүүл мэнддээ зарцуулаад өөрсдийгөө хордуулаад байж болохгүй.
Төмөрийн Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 232 (7729)
2025-12-11
Ц.Эрдэнэбаяр: Хагас кокс бол гурав дахь үеийн шилжилт
Үнэнийг хэлэхэд амаргүй ажил руу шууд яваад орсон. Утааны асуудал бол зөвхөн түлшнээс үүдэлтэй биш. Тоос, тоосонцор, нийслэлийн хэмжээнд түлж байгаа нүүрсний хэрэгцээ гэхэд 5.8 сая тн. "ТЭЦ-2", "ТЭЦ-3", "ТЭЦ-4", "Амгалан", "Сэлбэ" дулааны станцууд нийлээд ийм хэмжээний түүхий нүүрс түлдэг. Янданд тавьсан шүүлтүүр нь шаардлага хангаж байна уу? Автомашины утаа байна. Зургаан машин нэг яндантай тэнцэнэ гэж үзвэл 600 мянгын ард 100 мянган өрх болно.
"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Улаанбаатар хотын утааг бууруулах асуудлаар нийслэл, Засгийн газрын түвшинд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүллээ. Утаагүй зуух нийлүүлэхээс эхлээд шахмал түлш ч хийж, тэр хэмжээгээр төсвийн мөнгө зарцуулж үзлээ. Харин өнөөдөр урд хөршөөс хагас кокс импортлох замаар "тэмцэх" нь. Үүнийг дагаад өөрсдөө нүүрсээр арвин улс байж заавал БНХАУ-аас хагас кокс авлаа гэх шүүмжлэл, хардлага гарч байна. Өмнөхөө засч сайжруулаад явах байтал заавал урдаас хагас кокс авах шаардлага үнэхээр байсан юм уу?
-2018 онд Засгийн газрын 62 дугаар тогтоол гарснаар Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон. Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Санаж байгаа бол Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Багануурын нүүрсийг нэгдсэн системээр оруулж ирж тараасан. Хамгийн энгийн ойлголтоор утаа бол агаарт байгаа дэгдэмхий бодис. Уугилт явагдах процесс нь чийгтэй, чийггүйгээс хамаарч хурдан, удаан асна. Үндсэндээ уугилтад утаа маш их ялгардаг. Багануурын нүүрс гэхэд 44 хувийн дэгдэмхий шаталттай. 30 гаруй хувийн чийгтэй. Үүнийг 2018 он хүртэл нийслэлийнхэн хэрэглэсэн.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд "Энержи Ресурс" компанийн угаасан түүхий эд болох завсрын бүтээгдэхүүнд мидлингийн техникийн үзүүлэлт нь 22 хувьтай байсан. Утаа 50 хүртэлх хувь буурсан гэдэг шалтгаан нь энэ. Мидлингийг буталж, үйлдвэрийн аргаар хатааж, чийгийг нь 6 хувь дотор барина. Хэдий чинээ чийг бага байна төдий чинээ түргэн хугацаанд асна. Уугилт бага гарна, утаа бага ялгаруулна. Энэ бол хоёр дахь үеийн шилжилт.
Харин хагас кокс руу орж байгаа өнөөдрийн шилжилт нь гурав дахь үе болж байна. Эхлээд 44-ийг 22 болгосон. Одоо түүнийг 11 хувьд барих учраас. Өөрсдөө нүүрс экспортолдог байж яагаад гаднаас буцааж авч байгаад тайлбар өгье.
Хагас кокс гэдэг нь 400-500 хэмийн халуунд, битүү орчинд жигнэгддэг. Энэхүү үйл явцад бүх химийн хортой, хүнд элементүүд нь ялгараад давирхай хэлбэрээр гарч ирдэг. Үлдсэн цэвэр нь хагас кокс. Гэтэл үүнийг хийх, боловсруулах нүүрс, химийн үйлдвэр Монгол Улсад байхгүй. Сүүлийн 30 жил нүүрснээс нефть гаргах, газийг нь ялгаж авна гэж ярьж ирсэн энэ үйлдвэрээс гардаг гэсэн үг. Үйлдвэр байхгүй учраас өнөөдөртөө үүнээс өөр арга байхгүй. Ер нь бусад хатуу түлшнээс хамгийн сайн, хор нөлөө багатай нь хагас кокс. Тиймээс шилжилт хийх нь зөв.
-Хагас кокс хэрэглээнд нэвтрүүлэх нь гурав дахь үеийн шилжилт гэж байна. Гол нь энэ талын судалгааг ямар хугацаанд хийсэн байдаг юм. Хотын даргын хувьд хагас кокс импортоор авах болсноо гэнэт мэдэгдсэн санагдаж байна?
-Ийм учиртай. 2018 оноос буюу мидлинг хатуу түлш рүү шилжсэнээс хойш судалгаа нь хийгдсэн байдаг юм. Хамгийн их ярьсан нь 2023 он. Харьяа бүх судалгааны байгууллагыг нэгтгэсэн Ажлын хэсгийг Эрчим хүчний яамны дэргэд байгуулсан. Б.Чойжилсүрэн сайд хэлж байсан даа, "Бид хагас кокс руу шилжих ёстой. Эрдэмтдийн судалгаа, техникийн шаардлагын үзүүлэлт нь эерэг гарсан" гээд. Гэвч санхүүжилтийг нь шийдээгүй учраас зогссон. Тухайн 2023 оны суурь судалгаа одоогийн шилжилтийг хийхэд түлхэц болсон.
Миний хувьд ажлаа аваад яг нэг жил болж байна. Надад өртөг зардлыг бууруул, агаарын чанарыг сайжруул гэсэн хоёр даалгавар өгсөн. Энэ дагуу өртөг зардлыг хэрхэн бууруулах, хоёрдугаарт, агаарын чанарт яаж эерэг нөлөө үзүүлэх вэ гэдэг хоёр чиглэлийг үндсэн зорилго болгон ажиллаж байна.
Жишээ нь, манай компани бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сайжруулах судалгааг сүүлийн таван жил хийгээгүй юм билээ. Тиймээс бодлогын бичиг, баримт бүрдүүлсэн. Тэр нь Шинжлэх ухааны академитай өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны гэрээ. Судалгаа, шинжилгээний ажлыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэсэн. Ингэхдээ мидлингийг илүү сайжруулах, утаагүй, хор нөлөө, угаарталт багатай байлгах судалгаа хийлгэсэн. Үр дүн нь үүнээс илүү гарахгүй гэсэн. Тэгэхээр нь мидлингээ барьцалдуулагчтай хольж байгаа юм. Хятад, Монгол зэргээр. Үүнийг шийдсэнээр үр дүн гарах уу гэсэн бас нэг бүлэг судалгаа хийсэн. Гарахгүй ээ л гэсэн.
-Яагаад?
-95 хувь нь мидлинг, 5 хувь нь барьцалдуулагч учраас. Холбогч эд болохоор асалтад бага хэмжээний өөрчлөлт гарахаас бусдаар нэмэргүй гэсэн. Мидлинг өөрөө завсрын бүтээгдэхүүн. Түүхий нүүрсийг нэг боловсруулж, хоёрдах шатны дунд гардаг. Яг хог гэж хэлж болохгүй. Эцсийн бүтээгдэхүүн ч биш. Тиймээс түүхий эдээ сольж үзсэн. Эрчим хүчний нүүрсийг хоёр удаа боловсруулж үзье гэсэн.
Тавантолгойн ордын эрчим хүчний нүүрс хамгийн доод хэсэгтээ байдаг. Тэр үе нь ч таарсан. Гэтэл мидлингээсээ бага, тааруу үр дүнтэй судалгаа гарсан. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр бид эрдэмтэн судлаачдын хийсэн судалгаанд тулгуурлаж ажлаа хийдэг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд эрдэмтдийн байр суурь, техник, технологийн талаасаа инженерүүд боловсруулж байж эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэсэн үг. Энэ мэт шалтгаанаас үүдэж хагас коксыг сонгосон. Эцсийн мөчид зоригтой алхам хийхгүйгээр нийгмийн суурь өвчлөлийн шалтгаан болсон агаарын бохирдлыг бууруулахгүй.
Эрдэмтдийн зөвлөл ч шийдвэрээ гаргасан. Үндэсний хороо ч бизнес төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, худалдан авалт хийгээд явж байна.
-Хагас кокс хэрэглээнд нэвтрүүлснээр утааг 50 хувь бууруулах баталгаа нь яг юу юм?
-Сайн гэсэн болгоныг баталгаажуулахгүйгээр хэрэглээнд нэвтрүүлнэ гэсэн үг биш л дээ. Техникийн болон шинжилгээний үр дүнд үндэслэж 50 хувь бууруулна гэсэн тооцоо бий. Гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч байгаа утааг 55 орчим хувь бууруулна гэж үзэж байгаа. Энэ тооны бохирдлыг бууруулна гэж тооцвол нийслэлийн агаарын чанар тэр хэрээр сайжирна. Түлшийг кокс руу шилжүүлснээр нийслэлийн агаарын чанар 26-27 хувийн үр дүн гарна.
Хоногт 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцдог. Судалгаагаар энэ нь 28 орчим хувийн бохирдол үүсгэдэг. Хагас коксын үр дүнд тал хувийг нь бууруулахаар 28 хувь буюу автомашин руугаа илүү анхаарах шаардлага үүсч байгаа биз. Шинжилгээний хариугаар бусад бохирдол багасч буй ч хүнд элемент нь багасахгүй байгаа юм. Тэр нь хүнд элемент. Түүнийг нь автомашины яндан гаргаж байна. Бусдаар хамгийн багадаа 9 хүртэлх хувь буурсан үзүүлэлт гарсан.
Бидний хувьд арванхоёрдугаар сарын 10-15-ны хооронд эхний үр дүнгээ тавиулах зорилготой байна. Гэр хорооллын айл өрх дунджаар 15 шуудай нүүрс нөөцөлдөг юм билээ. Хагас коксыг тараагаад долоо хонож байна. Өмнө нь 40 хувь нь мидлинг, 60 хувь нь кокс явж байсан. Одоо бол 100 хувь өгнө. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн хугацаанд 100 хувь кокс тараахаар нөөцөлсөн мидлинг дуусна. Мэдээж бүрэн дуусахгүй ч 90 хувь кокс руу шилжиж таарна. Тэр үед мэдэгдэхүйц үр дүн харагдана. Яагаад арванхоёрдугаар сарын 10-15 гэж тооцсон юм гэхээр өнгөрсөн оны тухайн цаг үед "Утааны жагсаал" болж байсан. Тэгэхээр тэр үеийг зориуд сонгож, үнэлүүлэх гээд байгаа юм.
Яндангаас гарч байгаа утааны ялгарлыг магадгүй 60-аас дээш хувь бууруулна. Нийслэлийн гэр хорооллын хэмжээнд 170 мянга гаруй яндан байна. Сая 32 мянган давхар шаталттай "Нүүдэлчин" зуух тараасан. 80-90 хувьтай яваа ажил. Зуух гэдэг өөрөө маш чухал. Яг яваад үзэхээр стандартад нийцсэн зуух гэж үнэндээ байдаггүй. Түлшний стандарт яриад байдаг мөртлөө зуухны гэж байхгүй өнөөдрийг хүрсэн байна.
-Утаатай тэмцэх ажлын хүрээнд хийсэн ажлын нэг нь зуух. 2011 оноос хойш янз бүрийн нэр, шошготой зуух тараасан ч бодитой үр дүнд хүрсэн нь үгүй. Эцэстээ аль нэг компани, даргын үзэмжээр өнгө зүс, нэрийг нь өөрчилж тараахаас өөрөөр зуух тараах ажил урагшлаагүй. Магадгүй энэ бүгд нь эргээд сөрөг үр дагавар, ойлголтыг нийгэмд бий болгосныг үгүйсгэхгүй. Нөгөө талд татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа мөнгө шүү дээ?
-"Тавантолгой түлш" компанийн захирлаар ажиллаж эхэлснээс хойш энэ бүгдийг нарийн анзаардаг юм байна. 200 мянган яндан байлаа гэж бодоход 200 мянган зуухыг шийдэх ёстой, гэхдээ шийдээгүй. Алаг цоог шийдээд байгаа учраас үр дүнгээ өгөхгүй. Яг тараасан "Өлзий", "Хас", одоогийн "Нүүдэлчин" бол зуух талаас нь яривал сайн уу гэвэл сайн. Бидний ярьдгаар пийшин буюу нимгэн листээр хийсэн зуухнууд байдаг даа. Гэтэл бүгдээрээ шаардлага хангадаггүй. Зуух бол галлагаан дээрээ хүртэл онцлогтой байдаг.
Хятадууд гэхэд өвлийн улирал эхлэхэд зуухаа нэг асаадаг. Дахиж олон асаадаггүй. Яагаад гэхээр галаа сайн манадаг. Эхний түлшээ хийсэн бол дараагийнхныг нь бэлдээд тавьчихдаг. Гал нь үргэлж асч байдаг. Манайд эсрэгээрээ. Өглөө, оройдоо асаадаг. Тэр болгонд утаа их ялгаруулдаг. Илчлэгийн асуудал муу байна гэдэг. Гэтэл Багануурын түүхий нүүрсний илчлэг дөнгөж 3000 гаруй кКал. "Энержи Ресурс"-ийн мидлинг 6000-6700 кКал хүрдэг яг үнэндээ ахуйн зориулалтынх биш. Халах нь сайхан ч зориулалтын бус зуух нь маш хурдан мууддаг.
-Хагас коксын илч тааруу байна гэсэн яриа гарсан байна лээ?
-Тодорхой судалгааны үндсэнд техникийн шаардлагыг нь 5800 кКал-аар тавьсан. Тэр дагуу урдаас оруулж ирэх цуваа болгонд гаалийн дүгнэлт, шинжилгээ хийж байна. Өнөөдрийг хүртэл хугацаанд 48 цуваа ачсан.
-Ойролцоогоор хэд орчим тн гэсэн үг вэ?
-110 мянга орчим тн. 2200 тн бүрд түүврийн аргаар шинжилгээ хийнэ гэсэн үг. 48 цувааны 20-д нь шинжилгээ хийнэ. Дунджаар 5828 кКал гарсан. Уг нь мидлинг дээр 5200 кКал гэсэн стандарт тавьсан ч бодит байдалд 6500 кКал хүрдэг. Мидлинг хурдан асдаг, өндөр илч авдаг гэж ярьдаг. Гэхдээ хурдан дуусдаг. Эсрэгээрээ кокс удаан асдаг ч илчээ удаан барьдаг. Стандартын шаардлага хангасан зуухан 13 цаг орчим илчээ барьж байна. 12 цагаар бодоход хоногт хоёр удаа галлана. Хэрэглээнд хэмнэлт гарна. Хамгийн гол юм нь энэ.
-Өмнөхөөсөө хэтэрхий үнэтэй байна гэдгийг иргэд хэлж байгаа шүү дээ?
-Мидлингийн түлш тн тутамд 700 мянган төгрөгөөр бүтдэг байсан. Харин коксыг хил хүртэл 730 мянган төгрөгийн өртгөөр ачилттай нь авч байна. Оруулж ирэхээс эхлээд бүрэн өртөг шингэхээр 1,138,000 төгрөг. Гэхдээ 30 хувийн илүү хэмнэлттэй буюу удаан асч байна. Ингэхээр үнийн дүнгийн хувьд хөл зөрүү гарахгүй байгаа биз. Дээрээс нь агаарын чанарыг 50 хувиар сайжруулна. Ийм л зүйл.
-Өртөг зардлыг бууруулах, агаарын чанарыг сайжруул гэсэн хоёр даалгавар авсны нэг нь хагас коск юм байна. Тэгвэл өртөг зардлыг бууруулахад ямар ажил хийж байгаа юм. Жишээ нь, тээвэрлэлтийн асуудлыг яаж шийдсэн бэ?
-"Тавантолгой түлш" компанид 550 мянга орчим мидлингийг улсаас ямар нэгэн үнэ төлбөргүйгээр, өөр эх үүсвэрээс өгч байжээ. Үйл ажиллагаанд нь 300 тэрбум төгрөг хуваарилдаг. Ажилчдын цалин хөлс, тээврийн зардал, барьцуулагч, бусад материалын зардалд гэсэн үг.
-300 тэрбум төгрөг гэдэг нь жилийн төсөв нь биз дээ?
-Тийм. Сүүлийн нэг жилийн хугацаанд яаж ажилласан юм гэхээр 550 мянган тн мидлингээ авахаа больё, санхүүжилтээ л авъя гэсэн. Нэгдүгээрт, өнөөгийн үнэ цэнээрээ 100 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийлээ. Хэрэглээндээ зарцуул гэснээсээ шүү. Нийт ажилчдынхаа тоог 50 хувь буурууллаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хийхээ болилоо. Ингэсний хүчинд хагас коксыг худалдаж авах өртгөө гаргаад авчихаж байгаа юм. Улсад хэмнэлттэй юу, хэмнэлттэй. Агаарын чанарт өөрчлөлт гарч байна уу, гарч байна. Энэ хамгийн том нөлөө.
Тээвэрлэлтийн тухайд хагас коксыг оруулж ирж байгаа нь өөрөө түүхэн шийдвэр болсон. 1950-аад оны хилийн төмөр замын хэлэлцээрийг дагаж гарсан баримт, бичгийн хүрээнд өнөөг хүртэл Монгол, Хятад, Орос гурван улс явдаг. Тэр нь өргөн царигаар вагон гарсан бол хоосон орж ирэх ёстой. Нарийн царигаар ачаа оруулж ирсэн бол буцаад хоосон гарах ёстой гэдэг зохицуулалт. Үүнийг өөрчилсөн.
Автомашинаар тээвэр хийлээ гэхэд өртөг өндөр, дийлэхгүй. Төмөр заамар тээврээ хийе гээд улсаас вагоноор хангаач гэтэл байхгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд санал тавьсан. Вагон эргэлтийг нь улсын, УБТЗ-ын дэмжлэгтэйгээр муутгахгүй, бизнесийн үйл ажиллагаанд нь саад болохгүйгээр буцах чиглэлд нь коксоо тавъя гэсэн. Вагон эргэлтийг хоёрлосон үйл ажиллагаатай болгосон гэсэн үг.
Одоо бол ганцхан экспорт хийхдээ ачаатай гардаг. Буцахдаа хоосон татагддаг. Үүнийг өөрчлөөд ачаагаа тавьчихаж байгаа юм. Бизнесийн үйл ажиллагаанд нь мэдээж саад болохгүй. УБТЗ-д суурь бүтцийн үнэ, үйлчилгээний төлбөрийг зах зээлийн зарчмаар бидний зүгээс төлнө. Зөвхөн тээврийн өртөг, вагон түрээслэх байсан зардлаас гэхэд 14 тэрбум төгрөгийг хэмнээд явж байна. Түүхэн ачаа гэж хэлээд байгаа нь өргөн царигаар орсон буултын талбайгаас буцааж ачилт хийж байна. Өнөөдрийн байдлаар 14 цуваа буюу 686 вагоноор татан авалт хийж байна. Өдөр бүр 2400 тн-ныг авчирч савлах, нэг цуваа буулгах гэдэг чамгүй ажил байдаг юм байна.
Өөр нэг ажил байна. Та нар анзаарсан байх. Нийслэлийн хэмжээнд нам даралтын зуух ашигладаг аж ахуйн нэгжид өнгөрсөн жил 87 мянган тн түүхий нүүрс зөвшөөрөлтэйгөөр оруулж ирж хэрэглэсэн байдаг. Бидний үндсэн үүрэг айл өрхүүдийг түлшээр хангах. Энэ хүрээнд шигшсэн мидлинг "Энержи Ресурс"-ээс авчирч нийлүүлж байна. Нэг үгээр түүхий нүүрс хэрэглэхийг энэ жилээс бүрэн хориглуулсан. Үүнийг давхар хийхгүйгээр хагас коксын үр дүн агаарын чанарт, бидний тооцоололд хүрэхгүй гэж үзсэн.
-Хэл ам, хэрүүл, шуугиантай эхлүүлсэн ч нийслэлийнхэн энэ өвөл хагас кокс хэрэглэх нь тодорхой боллоо. Дараа жилээс яах юм? Дахиад хагас кокс түлэх юм уу? Эсвэл эргээд сайжруулсан шахмал түлшээ сэргээх үү?
-Аливаа үр дүнг хэн нэгний нүдээр, санааны зоргоор тодорхойлохгүй. ЖАЙКА-тай болон бусад байгууллагатай хамтарч хөндлөнгийн судалгааг хийлгэж байна. Чиглэл, чиглэлийн байгууллагууд ажиллаж байна. Тэдгээрийн судалгаа гарахаар буцаад өмнөх зүйл рүүгээ явахгүй байх гэж бодож байна. Монгол Улс нүүрстэй. Үүнийгээ түшиглэсэн нүүрс, химийн цогцолбор бүхий үйлдвэртэй болох ёстой.
Засгийн газрын хоёрдугаар сард гарсан тогтоолын хүрээнд Багануурын нүүрсний уурхайг түшиглэж Нүүрс, химийн цогцолбор барих төслийг ТЭЗҮ-ийг боловсруулаад дуусч байгаа байх аа. Магадгүй энэ онд багтаж нийслэл, "Эрдэнэс Монгол"-той хамтарч гэрээ байгуулна. Ирэх гуравдугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлбэл 16 сар орчим барих үйлдвэр. Зөвхөн коксын зуухыг түрүүлж орууллаа гэж тооцвол ирэх ондоо багтааж эх орондоо боловсруулсан хагас кокс хэрэглэнэ.
-Таны хувьд "Тавантолгой түлш"-ийг нийслэлийн харьяанд шилжүүлэх шийдвэр гарсны дараа томилогдсон бил үү?
-Тэгсэн. 2024 онд "Тавантолгой түлш" компанийг өмчлөлийн хувьд нийслэлд шилжүүлэх агуулгатай УИХ-аас гаргасан тогтоолын дагуу.
-Гэхдээ энэ компани яг бүхэлдээ нийслэлд шилжиж ирээгүй гэдэг үнэн үү?
-Өр авлагатай холбоотой асуудал нь гэх үү дээ. Олон жилийн турш хуримтлагдсан өр гэж байгаа шүү дээ.
-Аудитын байгууллагын дүгнэлтэд дурдагдсан их наяд гаруй төгрөгийн зөрчлийг хэлээд байна уу?
-Үндсэн санаа нь эргэн төлөгдөх ямар ч боломж, нөхцөлгүй зүйлийг төр, засаг, "Эрдэнэс Монгол" нэгдлээс татаас хэлбэрээр хаагаад явах ёстой байсан юм. Иргэдээ үнэхээр дэмжиж байгаа бол шүү дээ. Гэвч олгосон санхүүжилт болгоноо өрийн дэвтэр хэлбэрээр бичилт маягаар хийж явсаар 1.6-1.7 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү өр нь зөрчил гээд яваад байгаа юм. Түүнээс "Тавантолгой түлш" компанид жил бүр аудит, санхүүгийн хяналт шалгалт ордог. Тэр дагуу алдаа дутагдал, зөрчлөө арилгаад яваа.
-Таныг гүйцэтгэх захирлаар томилох шалтгаан нь юу байсан юм бэ? Эсвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын шууд дэмжлэг байв уу?
-Миний хувьд аж ахуйн нэгж удирдаж байсан, үйлдвэрлэл гадарлах хүн. Хариуцаж байгаа ажилд маань хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, агаарын чанарт эерэг нөлөө үзүүлэх ёстой. Аж ахуйн асуудлыг мэдэх болохоор хамгийн бага зардлаар яаж шилжих үү гэдгийг гадарлана. Хоёрдугаарт, өртөг зардлыг хэрхэн бууруулах вэ? Өнөөдрийн тооцооллоор зөвхөн тээвэрт 20 тэрбум, техник, технологийн бүтээмжийг нэмэгдүүлснээр 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч ирж байна.
Улсаас авах ёстой байсан 500 мянган тн мидлингийг өнөөдрийн өртөгт шилжүүлбэл 100 гаруй тэрбум. Үүнийг хэмнэлээ. Үндсэн том үүрэг даалгавраа энэ мэт биелүүлээд явна. Эрдэмтдээ түшиж ажиллаж дүгнэлт гаргууллаа. Үндэсний хороогоор хэлэлцүүллээ. ТУЗ-өөр төлөвлөгөөгөө батлууллаа.
Үнэнийг хэлэхэд амаргүй ажил руу шууд яваад орсон. Утааны асуудал бол зөвхөн түлшнээс үүдэлтэй биш. Тоос, тоосонцор, нийслэлийн хэмжээнд түлж байгаа нүүрсний хэрэгцээ гэхэд 5.8 сая тн. "ТЭЦ-2", "ТЭЦ-3", "ТЭЦ-4", "Амгалан", "Сэлбэ" дулааны станцууд нийлээд ийм хэмжээний түүхий нүүрс түлдэг. Янданд тавьсан шүүлтүүр нь шаардлага хангаж байна уу? Автомашины утаа байна. Зургаан машин нэг яндантай тэнцэнэ гэж үзвэл 600 мянгын ард 100 мянган өрх болно.
2021 онд агаар сайхан боллоо гэдэг. Маш олон зүйлээс нөлөөлсөн. Түлшинд шилжсэн. Айлууд галаа таслаагүй. Замын хөдөлгөөнд оролцох автомашин байхгүй болсон. Учир нь нийтээрээ хөл хорионд орсон. Автомашин их хэмжээгээр агаарын бохирдол үүсгэдэг гэдэг энэ. "Эрдэнэт" үйлдвэр гэхэд айл, өрхийн цахилгаан дулааныг даасан. Санаж байгаа бол хашаандаа тавьсан машиныхаа доор нь цахилгаан тен залгасан тохиолдол гарсан. Тен ховордсон. Тэр хэрээрээ импортоор их хэмжээгээр оруулж ирсэн. Тэгэхээр муу л бол хойд гэрийн хар овоохой гэдэг шиг түлш рүү бүгдийг бухаж болохгүй.
Эдийн засаг, улс орны хөгжлийн даван туулах нэг хүчин зүйл. Бүрэн утаагүй болъё гэвэл газар чөлөөлөлт, барилгажуулалт. Газ, цахилгаан руу шилжих асуудал. Зоримог шийдвэр гаргасны хүчинд хамгийн дээд түвшний түлшийг хэрэглэж байна шүү дээ. Үүнээс илүү сонголт гэж үгүй.
-Гаргасан зардал өртгөө нөхөх талаар ямар бодлого барьж байгаа юм. Төрийн, орон нутгийн өмчит гэхээрээ алдагдалтай, өр зээлтэй ажилладаг, татаас авдаг, олгодог, жишиг манайд уламжлал болчихлоо шүү дээ. Нэг хэсгийн эрх ашгийн төлөө нөгөө хэсгийнхээ халаасыг тэмтрэх нь бараг байх ёстой юм шиг үзэгдэл болчихлоо?
-Аливаа аж ахуйн нэгж бизнесийн зарчмаараа явах ёстой. Яагаад бүтээгдэхүүн дээрээ 80 хувийн алдагдал үүрээд, 80 хувийн алдагдалтай үнээр борлуулаад байдаг юм бэ. Гэтэл компани үнэ тогтоодоггүй. Үндэсний хороо тогтоодог. Засгийн газрын тухайн үеийн шийдвэр, одоогийн бодлого нь гэр хорооллын айл, өрхөд төрөөс өгч буй бодит, хамгийн үр дүнтэй дэмжлэг нь түлш гэж үздэг. Энэ үүднээс нэгдүгээрт, агаарын чанарыг сайжруулах, хоёрдугаарт, ард иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ компанийн үйл ажиллагаа эхэлсэн. Одоо ч түүгээрээ яваа. Гэр хорооллын 170 мянга гаруй айл өрхийг дур, дураараа бай гээд орхиж болохгүй. Гэхдээ 2018 онд 2000 давж байсан агаарын чанарын индекс өнөөдөр 300 орчим болж буурсан юм шүү.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: UZEG.INFO
2025-12-04
НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо Тавантолгой түлш ХХК-д хуралдлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжлийн хороо Тавантолгой түлш ХХК-ийн түлшний үйлдвэрт өнөөдөр хуралдлаа.
Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд, НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ, нийслэлийн долоон дүүргийн удирдлагууд болон Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд оролцов.
Хуралдааны үеэр Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр болон холбогдох албаны удирдлагууд компанийн бүтэц, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд шинээр нэвтрүүлж буй хагас коксон түлш, түүнчлэн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлэх ажлын явц, хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.
Түүнчлэн НАОБТГ, "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ болон дүүргүүдийн удирдлагууд энэ галлагааны улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.
Хуралдааны төгсгөлд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжруулах, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах бодит үр дүнд хүрэхийн ажлын уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов.Мөн тэрбээр угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, НИТХ-ийн чуулганд ажлын үр дүнг танилцуулахыг даалгалаа.
2025-10-07