Гэр, байшин дулаалах төслийг танилцууллаа
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон бусад албаны хүмүүст гэр, байшин дулаалах төслийг явцыг танилцууллаа.
2025 онд Ногоон бүсэд 30.0 мянган байшин, 20.0 мянга орчим монгол гэр дулаалахаар төлөвлөж, хямд зардал, богино хугацаанд гал тэсвэртэй дулаалгаар дулаалах жишиг загвар гаргахаар судалж байна. Тус хорооны иргэн Д.Батбаатарын 10*6м харьцаатай, полистрол блокон хийцлэлтэй байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг болон 10 мм аэрогель эсгийгээр дулаалсан нь дулаан алдагдлыг хоёр дахин бууруулжээ. Үүнээс гадна хөөсөнцөр болон агаар сэлгэлттэй эрдэст хөвөнгөөр дулаалах хувилбарыг ч судалж байгаа юм байна. Эдгээр дулаалгын ажлын өртөг зардал нь 3,5-5,3 сая төгрөгт багтаж байна. Мөн Д.Батбаатарынд гаднаас хүйтэн агаар сорж 60 хэмийн халуун агаараар ус халааж шахах цахилгаан эх үүсвэрийг суурилуулсан байна.
Иргэн Д.Баянбаатарынх таван ханатай гэрт амьдардаг. Гэрийн хана, дээвэрт мөн аэрогел эсгийг хөнгөн цагаан даавуунд хавчуулсан дулаалгыг туурга, дээвэр, шаланд нь хийж өгчээ. Аэрогел эсгий дулаалга нь 10 см-н чулуун хөвөнг гурав давхарласантай адил хэмжээний дулаан тусгаарладаг, гал дэмждэггүй гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ материалаар гэр дулаалснаар дулааны алдагдал 3 дахин буурна гэдгийг хэлж байлаа. Энэ гэрт хийн түлшээр ажилладаг зуухыг суурилуулжээ. Энэ нь хэрэглэхэд хялбар, аюулгүй аж. Гэрийн хана, дээвэр, шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг "Ногоон болон Шар" бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ногоон болон Шар бүс дэх айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгааг тэмдэглээд энэ тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга, халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилтот бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардагдах эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар, хөх нүүрс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
2025-04-30
С.Даваасүрэн: Утаанаас салъя гэвэл нүүрснээс хагацаж ядаад байх шаардлагагүй
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсон агаарын бохирдлыг бууруулж чадах уу, утаа хэзээ арилах вэ гэсэн асуулт нийслэлийн иргэн бүрийн аманд бий. Иргэдийн амь нас, эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон утааг багасгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Өмнө нь ажиллаж байсан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо татан буугдаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо шинээр байгуулагдаад дөрвөн сар болж байна. Ямар ажил хийв?
-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн оны 12 дугаар сард буюу өвөлжилтийн бэлтгэл хангагдсаны дараа байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд нэн тэргүүнд эрхзүйн орчныг сайжруулах ажлыг хийлээ. Дараа нь 2025-2026 оны галлагааны улиралд юу түлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллалаа.
Нэгдүгээрт, сайжруулсан түлшний түүхий эдийг сольж байна. Ирэх өвлөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний баяжуулсан нүүрсээр сайжруулсан түлш хийнэ. Өөрөөр хэлбэл экспортод гаргадаг бүтээгдэхүүнээр түлш хийж, түлнэ. Мөн барьцуулагчийг сайжруулж, орц, найрлагыг нэмэгдүүлж байгаа. Ирэх оны галлагааны улиралд айл өрхийн 60 орчим хувь нь сайжруулсан түлш түлэх юм.
Шинэчилсэн тооллогоор гэр хороололд 170-172 мянган айл өрх бий. Эдгээр айлаас 50 000 айл өрхийг хийн түлш, цахилгаанд шилжүүлнэ. Үлдсэн 120 000 айл өрх сайжруулсан түлш түлнэ.
Хоёрдугаарт, гэр хороололд дэлгүүр, үсчин, дугуй засвар, нийтийн байр зэргээ халаадаг уурын зуухтай 2306 аж ахуйн нэгж байна. Энэ аж ахуйн нэгжүүдийн жилийн нүүрсний хэрэглээ 30 орчим мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэж байгаа. Энэ зуухуудыг яаж шинэчилбэл аж ахуйн нэгжид эдийн засгийн дарамтгүй байхыг судалж, тооцоолж байна.
Зургаан дүүргийн галлагаатай 2306 аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Утаанаас залхсан нь хэн бүхэнд ойлгомжтой. Гол нь эдийн засгийн дарамтгүйгээр технологийн шийдэлд шилжүүлэхэд хамтран ажиллаж байна.
Үүнээс гадна 100 кВт-аас дээш хүчин чадалтай цэцэрлэг, эмнэлэг, хорооны байрыг халаадаг уурын зуухууд бий. Том зуух эзэмшигч нартай хоёр ч удаа уулзаж, ирэх галлагааны улиралд түүхий нүүрс түлүүлэхгүй гэдгээ тодорхой хэлсэн.
-Түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн үг үү?
-Засгийн газар 2018 онд түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоол баталж, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч аж ахуйн нэгжүүд өнөө маргаашийн зовлонг тоочсоор өнөөдрийг хүртэл түүхий нүүрс түлсээр байна. Үндэсний хороо өчигдөр байгуулагдаад өнөөдөр шаардлага тавиагүй гэсэн үг. Тиймээс 2025-2026 оны галлагааны улиралд түүхий нүүрс түлүүлэхгүй. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд өнөөдөр, маргаашийг аргацааж байгаад өмнөх долоон жил шиг түүхий нүүрс түлнэ гэсэн бодол битгий тээгээсэй, дорвитой арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Түүхий нүүрснээс татгалзах долоон жилийн хугацаа, боломж байсан.
-Аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээж авч байна вэ? Нүүрснээс татгалзахад бэлэн байгууллага байна уу?
-Нүүрэн дээр эсэргүүцэж байгаа нэг ч хүн алга. Ану сервис ХХК гэхэд санаачилга гаргаад ирсэн. Бусад аж ахуйн нэгжүүд одоогоор ирээгүй байна.
-Яаж хяналт тавих вэ?
-Засгийн газрын тогтоолоор ТЭЦ-II, III, IV, Амгалан, Налайхын дулааны станц, Сэлбэ дэд төвд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч, бусдад хориглосон. Бид Багануурын уурхайд энэ зургаан газраас бусад байгууллагатай түүхий нүүрсний гэрээ хийхгүй байх тухай бичиг хүргүүлсэн байгаа.
Энэ бичигтэйгээ холбогдуулан Экологийн цагдаагийн газартай хамтран ажиллана. Товчоод, хулгайн замд пост гаргуулна. Зөвхөн энэ зургаан байгууллагын нүүрс орж ирнэ, бусад газрын нүүрсийг оруулахгүй. Өмнөх жилүүд шиг түүхий нүүрс түлнэ, аргална гэж бодож байгаа бол боломжгүй, ямар нэг горьдлого тээх хэрэггүй шүү. Хийн түлш, цахилгааны шилжилт, шинэчлэлтээ эрт хийгээрэй.
-Нүүрс түлэхийг хориглохоор аж ахуйн нэгжүүд ямар шийдэлд шилжих вэ? Танайх шийдэл санал болгож байгаа юу?
-Бид судалгаа хийж, хийн түлш, цахилгаан бойлер, Heat pump, давхар шаталтад зуух, утаа шүүгч гэсэн зургаан хувилбарыг гаргасан. Агаарын бохирдлоос салъя гэвэл нүүрснээс хагацаж ядаад байх шаардлага алга, 2019 оных шиг зоригтой шийдэл гаргая гэвэл хамгийн боломжтой нь шингэрүүлсэн хийн түлш байна.
Бид энэ судалгааг хийхдээ нийслэлийн 2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, УБЦТС ТӨХК-тай уулзалт хийсэн. Аль хэсэг дахин төлөвлөлтөд орох уу, хаана эрчим хүчний хангамж хүрэлцэх үү гэдгийг тооцоолсон.
Хийн түлшинд шилжихийн тулд дулаалгыг маш сайн хийх шаардлагатай. Дулаалга сайн байвал эрчим хүчний хэрэглээ 60 орчим хувиар буурдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн зуух ашиглагч газруудад сургалт хэрэгтэй. Энэ ажлуудыг давхар хийнэ. Шинэ технологи руу шилжихгүйгээр өнгөрсөн жилүүд шиг урсгалаараа яваад байвал бид утаанаас хэзээ ч салахгүй.
Эх сурвалж: www.urug.mn
2025-04-23
Х.Нямбаатар: Өвлөөс өмнө 51 мянган айлыг хийн болон цахилгаан халаалт руу шилжүүлэх сорилт бидний өмнө тулгарч байна
НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар "20 минутын хот төслийн танилцуулга, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай, Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, ойрын хугацаанд утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийслэлийн агаарын чанарыг бууруулж байгаа эх үүсвэрийн 56 хувийг гэр хорооллын айл өрхийн хатуу түлшнээс ялгарч байгаа утаа, авто замын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу исэл, цөөн хувийг ТЭЦ станцууд болон жижиг, дунд оврын уурын зуухууд бүрдүүлж байна.
Тиймээс бид 2025-2026 оны өвлийн улирлыг давахад 51 мянган өрх айлыг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлье гэдэг төлөвлөлт хийгээд ажиллаж байна.
Энэ ажлыг хийхэд нэгдүгээрт, 51 мянган өрхийг халаах халаагуурын тоног төхөөрөмжийг худалдан авах, тухайн айл өрхийг дулаан алдалтгүй болгох, цахилгаан эрчим хүч болон хийн түлшээр тасралтгүй хангах гэсэн суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Хийн түлшид шилжсэн айл өрхөд одоогийн шөнийн цагийн цахилгааны хөнгөлөлт хэвээр үйлчлэхээс гадна 10-аас дөрөвдүгээр саруудад агаарын тухай хуульд үзүүлсэн нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлье гэж байгаа юм. 51 мянган айлыг цахилгаан болон хийн халаагуурт шилжсэнийх нь төлөө, өвлийн улирлын туршид 45 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгох боломжтой гэх тооцоо судалгааг гаргасан" гэлээ.
Айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх дэмжлэгийг ямар эх үүсвэрээс гаргах тухай Төлөөлөгчид асуув. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Сайжруулсан түлшний үйлдвэрийн олсон орлогоос болон Улаанбаатар хот анх удаа Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд карбон кередит буюу агаарын бохирдлыг бууруулсны төлөө авдаг урамшууллыг бусдад худалдах яриа хэлэлцээрийг хийж байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзаж тоног төхөөрөмжийн зардлын 25 хүртэлх хувийг санхүүжүүлэх дэмжлэг авч чадлаа. Утаанд амьдарсныхаа төлөө буюу бидний алдагдсан боломжийн өртгийг тооцвол энэ 45 тэрбумаар хэмжигдэхгүй. Тиймээс та бидний хамгийн том сорилт бол халаалтын улирал эхлэхээс өмнө 51 мянган айл өрхийг дулаалах болон хийн, цахилгаан халаалалтад шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэх юм" гэв.
2025-04-16
MNS ISO/IEC 17025:2018 стандартын талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна
Тавантолгой түлш компани 2023 онд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болон түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторийг ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл тус лабораторитоо "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлэхэд хэрэгжүүлэх арга зүй, бэлтгэл ажлыг хангах сургалтыг эхлүүллээ. Сургалтыг Монгол улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Ц.Туяа удирдан явуулж байгаа бөгөөд MNS ISO /IEC 17025:2018 стандартын шаардлагууд, нэвтрүүлэх ач холбогдол болон үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлж, байнга сайжруулах талаар нэгдсэн ойлголтыг өгч буй юм. Сургалтад лаборатори болон ашиглалтын 30 орчим ажилтан хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
2025-04-16
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
Тавантолгой түлш компанийн Хууль, эрхзүй хэлтсээс Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажилтнуудын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтаар Гэр бүлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт, мэдээллийг өгсөн юм. Сургалтыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэхийн мэргэжилтэн хошууч Г.Алтансүх, ахлах дэслэгч Г.Лхагва, замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Д.Даштогтох нар удирдан явууллаа.
2025-04-15
Дотоод тээврийн компаниудад шалган нэвтрүүлэх журмыг танилцууллаа
Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн бүсийн шалган нэвтрүүлэх журмын талаар дотоодын тээврийн компаниудад танилцууллаа. Ажлын албаны дарга И.Баттөгс, Борлуулалт хадгалалтын албаны дарга О.Мишээл, Бүтээгдэхүүн түгээлтийн албаны дарга Ш.Мөнхцог болон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбарын захирагч Хошууч Д.Пүрэвсүрэн нар журмыг танилцуулж, зөрчлөөс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Уулзалтад шахмал түлшний тээвэр хийдэг 28 компанийн удирдлагууд оролцлоо.
2025-03-26
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцлаа
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засгийн албаны Байгаль орчин, эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе Жон Конард болон тус албаны мэргэжилтнүүд өнөөдөр Тавантолгой түлш компани, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад Тавантолгой түлш компанийн Ерөнхий инженер бөгөөд ҮТТГ-ын дарга Д.Эрдэнэцогт, Ерөнхий технологич Д.Өлзийбат болон Зүүн үйлдвэрийн дарга Г.Баттөмөр нар компанийн үйл ажиллагаа, шахмал түлш үйлдвэрлэл, техник технологи, хатуу түлшний стандартын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Мөн Улаанбаатар хотод хэрэглэж байгаа хатуу түлшний чанарыг сайжруулах чиглэлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг ШУА-тай хамтран эхлүүлээд байгаа тухайгаа онцоллоо.
АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн албаны Байгаль орчин, эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе Жон Конард нь 2024 оны тавдугаар сараас Монгол Улсад томилогдон ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Тэрээр , "Миний эрхлэх ажлын хүрээнд эрчим хүчний салбар хамаардаг. Танай үйлдвэрийн тухайд гэр хорооллын айл өрхүүдийг түлш, дулаанаар хангах үүргийг хүлээдэг нь энэ салбарт хамааралтай гэж ойлгож байгаа. Тиймээс би танай үйлдвэр, үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж, цаашдын хөгжлийн чиг хандлага, түүнд бидний зүгээс ямар асуудалд дэмжлэг үзүүлж болох талаар санал солилцоход таатай байна. Бид танай үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн байна" гэдгээ онцоллоо.
2025-03-25
Төрийн худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтыг зохион байгууллаа
Тавантолгой түлш компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, бүх бүтцийн нэгжийн алба хаагчдыг мэргэшүүлж, чадавхжуулах зорилгоор жил бүр Төрийн худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтад хамруулдаг билээ. Энэ оны сургалтыг 3-р сарын 20,21-ний өдрүүдэд Зүүн үйлдвэрт танхимаар зохион байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн техник, технологийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэн ажилладаг инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтнүүдийг хамруулж байгаагаараа онцлогтой байна. Ингэснээр компанийн Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
2025-03-21
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ
Тавантолгой түлш ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ын харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэс тавантолгой ХК-н уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс Тавантолгой түлш ХХК-н үйлдвэрийн талбайд буусан ба үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.
Эрдэнэс Тавантолгой ХК-ний баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлууд хийгдэх ба эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ.
2025-03-17
Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай" тогтоолд Тавантолгой түлш ХХК-н дөрвөн обьектыг хамгаалалтад авахаар тусгасны дагуу тус компанийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Тавантолгой түлш ХХК-ийн харуул хамгаалалтын албанаас шилжүүлэн авлаа.
Ажил хүлээлцэх үеэр Дотоодын цэргийн захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга дэд хурандаа Д.Отгонбаатар, "Үндэсний аюулгүй байдлын чиг баримжаатай Тавантолгой түлш ХХК-ийн Баруун болон Төвийн үйлдвэрийг 2021 оноос эхлэн манай байгууллага хамгаалалтад авсан. Зүүн үйлдвэрийг өнөөдрөөс эхлэн хамгаалах үүрэг бидэнд шилжиж байна. Дотоодын цэрэг нь цэргийн хувцас өмссөн хэдий ч цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг учир гарсан зөрчил, дутагдлыг хуулийн хүрээнд шийдэн ажилладаг. Тиймээс бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
2025-03-17
Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь "Шахмал түлшний түүхий эдийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний баяжуулсан нүүрсээр солих, шинэ түүхий эдэд тохирсон барьцалдуулагчийг бий болгох, түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлох, байгууллагын стандартыг шинэчлэн сайжруулж, батлуулахад чиглэх юм.
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, "Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллана. Шахмал түлшний үйлдвэрлэлд үндэсний шинэ технологийг бий болгох, олон улсын стандарт туршлагад нийцсэн шинэ түүхий эд болон барьцалдуулагчид шаардлагатай судалгааны ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн шахмал түлшний чиглэлээрх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага судлахын сацуу ШУА-аас зохион байгуулж буй сургалт, төсөл хөтөлбөрүүдэд Тавантолгой түлш компанийн ажилтнуудыг хамруулан судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллана" гэв.
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, "Засгийн газраас шахмал түлшийг сайжруулах чиглэл өгсний дагуу хамгийн сайн түүхий эдээ өгч байгаа нь "Эрдэнэс Тавантолгойн" ХК-ийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжуулсан нүүрс. Энэ нүүрсээр бид шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингийг сольж шахмал түлшний чанарыг сайжруулах, судалгааны ажлуудыг Шинжлэх ухааны академитай хамтран хийх хүсэлтээ илэрхийлж, ийнхүү санамж бичиг байгуулж байна. Шахмал түлшний түүхий эдийг сайжруулах чиглэлийн судалгааны ажлыг хийснээр ирэх галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас шинэ түүхий эдээр шахмал түлш үйлдвэрлэж, шинэ түлшийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна" гэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд шахмал түлшний үндсэн түүхий эдийг баяжуулсан нүүрсээр солих судалгааны ажлыг хийхийн зэрэгцээ холбогч эд буюу барьцалдуулагч бүтээгдэхүүнийг шинэчлэх, стандарт батлуулах зэрэг ажлыг хийх юм.
2025-03-07
О.Мишээл: Хоногт 3000-3500 тонн түлш борлуулалтад гаргаж байна
Тавантолгой түлш компанийн Борлуулалтын албаны дарга О.Мишээлээс шахмал түлшний борлуулалттай холбоотой асуудлаар тодруулга авлаа.
-Сүүлийн өдрүүдэд шахмал түлшний эрэлт нэмэгдэж, цэгүүдэд хомсдол үүслээ гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн хэмжээнд хэчнээн цэгээр борлуулалт хийж байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 530 цэгээр шахмал түлш борлуулж байна. Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн манай компанийн Төвийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор 3 хоног борлуулалтын цэгүүдэд 5 тонноор буюу өдөрт 2000-2200 тонн түлш нийлүүлсэн. Өчигдрөөс буцаагаад 10 тн буюу хоногт 3000-3500 тонн түлш нийлүүлээд эхэлсэн. Тэгэхээр цаашид хомсдол үүсэхгүй.
-Ер нь аюулгүйн нөөц ямар хэмжээтэй байгаа вэ. Төвийн үйлдвэрээ зогсоохоор нийлүүлэлт хэвийн явж чадах уу?
-Зүүн үйлдвэр 5 шугамаар хоногт 1800-2500 тонн орчим түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 17 агуулах, үйлдвэрийн бүсэд нийт 36000 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Энэ өвлийн оргил ачааллын үеийн борлуулалтаар тооцвол 30 хоногийн хэрэглээ гэсэн үг. Төвийн үйлдвэр зогссон ч зүүн үйлдвэр ажиллаж байгаа болохоор шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдана.
-Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор шахмал түлшний тээвэрлэлтэд саад учирч байгаа зүйл байна уу?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд захын хорооллуудад маш их түгжрэл үүссэнтэй холбоотойгоор түгээлт бага зэрэг оройтсон асуудал гарсан. Үүнийг холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж, түлш түгээлтийн машинуудыг хязгаарлалтад оруулахгүйгээр хэвийн явуулж байна. Тиймээс дугаарын хязгаарлалт түгээлтэд нөлөөлсөн зүйл байхгүй. Мөн шахмал түлшний нөөцийн агуулахууд Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт олонх нь байрлаж байгаа учир аль болох богино эргэлтээр түргэн шуурхай нийлүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна.
-Иргэдийн дунд ирэх сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ гэсэн ойлголт байна. Үүнээс болоод иргэд нөөцлөх сонирхолтой байх шиг байна. Үүнд тайлбар өгөөч, үнэ нэмэгдэх үү?
-25 кг-ын савлагаатай нэг шуудай шахмал түлш 3750 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Мөн галлагааны улирал дуустал буюу тавдугаар сарын 15 хүртэл энэ үнээрээ, борлуулалт хэвийн үргэлжилнэ.
2025-02-25