Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Хамтын гэрээнд гарын үсэг зурлаа
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр "Илч" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Наранбаатар нар өнөөдөр "Хамтын гэрээ"-нд гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр, "Миний хувьд ажил авснаас хойш ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хөдөлмөрийн хөлсийн нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. 2025 онд ажилчдын цалинг хоёр үе шаттайгаар нийт 40 хувь нэмээд байна. Цаашид ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр илүү анхаарч ажиллана. Үүнд Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Хамтын гэрээ байгуулснаар ажил олгогчийн эрх үүрэг тодорхой болж, ажилчдын эрх үүрэг, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин баталгаажиж байна гэдгийг "Илч" үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Э.Наранбаатар онцолсон юм. "Илч" үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс ажилчдын эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах, Үйлдвэрчний төв байгууллагаас зохион байгуулж байгаа олон талд арга хэмжээнд оролцож, ажилчдын дуу хоолой болон ажиллана гэдгээ илэрхийллээ.
2025-08-13
Д.Өлзийбат: Хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнө жилүүдээс 50 хувь буурна
Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбаттай ярилцлаа. -Улаанбаатар хотын утаа өвлийн улиралд асуудал болсон хэвээрээ байгаа. Үүнийг шийдвэрлэх гарц нь юу байна вэ. Хөх нүүрс буюу хагас коксон түлшийг ирэх өвөл нэвтрүүлэх гэж байгаа талаараа ярина уу? -Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд үе үеийн Засгийн газар, Нийслэл хотын зүгээс шат дараатай олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхийг хангах явдал байсан. Энэ төсөл үр дүнгээ тодорхой түвшинд гүйцэтгэсэн. Гэхдээ дараагийн алхмыг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хөх нүүрс буюу хагас коксон түлшийг анх удаа ярьж, хэрэгжүүлэх гэж байгаа юм биш.2023 оны хоёрдугаар сард хагас коксон шахмал түлшийг судлах ажлын хэсэг Эрчим хүчний яамны хажууд байгуулагдаж БНХАУ, Солонгос, Японы туршлагыг судалсны үндсэн дээр БНХАУ-ын үйлдвэрлэсэн түлш илүү үр дүнтэй байгаад санал нэгдэж 80 тонн түүхий эдийг импортоор оруулж, шахмал түлш үйлдвэрлэнэ, магадлан итгэмжлэгдсэн лабораториудад өгч шинжлүүлэн техникийн дүгнэлтүүдийг гаргуулсан. Шинжилгээгээр мидлингээр хийсэн шахмал түлшнээс дэгдэмхий бодис 57 хувь, хүхэр 40 хувь, угаарын хий 10 гаруй хувиар буурсан нь батлагдсан. Түүнчлэн айл өрхүүдэд нийт 97 удаагийн галлагааг туршилтаар хийж, үр дүнг нь лабораторид шинжлүүлж үзсэн байдаг. Эрчим хүчний яамнаас гарсан ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын үр дүнг нь яамны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцээд хэрэглээнд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаж байсан юм билээ. Тэгэхээр энэ шинэ зүйл биш, энэ ажлын үргэлжлэл гэж ойлгох хэрэгтэй. БНХАУ ч энэ арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулж чадсан туршлага байна. Тухайлбал, 2013 оноос хойш "Beijing Clean Air Action Plan" хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хороололд хөх нүүрсийг нэвтрүүлсэн. Төслийн эхний жилүүдэд 400.000 гаруй өрхийг хөх нүүрсээр хангаж, түүхий нүүрсний хэрэглээг халсан. Хийн болон цахилгаан халаагуурт шилжих хүртэлх хугацаанд коксон түлшээр айл өрхүүдийг хангаж, агаарын бохирдлыг бууруулж байсан.Иймд дулаалга, цахилгаан, хий гэсэн шилжилтүүдийг хийх хооронд шахмал түлштэйгээ байхаас өөр сонголтгүй тул түлшний чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай. -Коксон түлшийг БНХАУ үйлдвэрлээд, өөрсдөө хэрэглээд байна уу. Бусад улс оронд коксон түлш хэрэглэж байгаа туршлага байна уу, энэ тухай судалж үзэв үү? -Урд хөршийн хувьд нүүрсний хэрэглээ ихтэй улс. Тэр ч утгаараа кокс төрлийн нүүрсийг янз бүрээр хэрэглэж байна шүү дээ. Хүнд үйлдвэрт, жижиг дунд үйлдвэрүүд, ахуйн хэрэглээндээ гээд олон хэлбэрээр хэрэглэж байгаа. Ахуйн хэрэглээний хувьд хагас коксон түлшийг гадны бусад улсууд руу ч экспортод гаргаж тэрийг нь Солонгос, Япон, Сингапур, Хонконг зэрэг олон улс авч ахуйн хэрэглээндээ ашигладаг туршлага байна. Дээрээс нь БНХАУ-ын дотоодын стандарт маш хатуу чанга учир бүтээгдэхүүн нь чанартай сайн гарч байна. -Иргэдийн дунд "Бид өөрсдөө нүүрсээ гаргаж байж, буцаагаад худалдан авлаа" гэх шүүмж гарсан. Энэ талаар Та ямар байр суурьтай байна? -Би санал нэг байна. Гэхдээ бидэнд технологи, үйлдвэр нь алга. Тодорхой хэлбэл, Монгол Улсад хагас коксын үйлдвэр байгуулах хэд хэдэн төсөл санаачлагдсан ч өнөөдрийн байдлаар ашиглалтад орж, тогтмол үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр байхгүй байна. Хүчин чадлын хувьд галлагааны улиралд нийслэлийн хэрэглэгчдийг хангах хэмжээний үйлдвэрлэл явуулах Багануурын уурхайг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэрийн хагас коксын үйлдвэр 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Иймд одоогоор Монгол Улсад хагас коксын нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэх боломжгүй. Эрдэмтэд судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлын хувьд асуудлыг ярьж байгаа боловч үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлж, нутагшуулах асуудалд цаг хугацаа шаардлагатай. -Засгийн газраас Эрдэнэс тавантолгой "0" давхаргын нүүрсээр түлш хийх нь чанар сайжирна гэдэг байдлаар шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл одоогийн хэрэглэх гээд байгаа хагас коксон түлш нь ямар давуу талтай юм бэ? -Шахмал түлшний чанарыг сайжруулах чиглэлийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу Тавантолгой түлш ХХК, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран шахмал түлшний түүхий эдийг солих, сайжруулах туршилт судалгааны ажлыг хийсэн. Судалгааны үр дүн төдийлөн сайн гараагүй. Өөрөөр хэлбэл, "0" давхаргын нүүрсээр шахмал түлш хийж, ахуйн хэрэглээнд ашиглах нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөө үзүүлэхгүй гэдэг судалгааны дүнг шинжлэх ухааны байгууллагаас гаргасан. Харин тэдний зүгээс юу гэж зөвлөсөн бэ гэхээр хагас коксон түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг үр дүнтэй гэдгийг зөвлөсөн. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх "Эрдэмтдийн зөвлөл" болон Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагын зүгээс шахмал түлшний үндсэн түүхий эдийн судалгааг үргэлжлүүлэх, шахмал түлш үйлдвэрлэх тохиолдолд хагас коксыг ашиглах зэрэг зөвлөмжийг өгсөн. Хагас коксон түлшний хувьд мидлингээр хийсэн шахмал түлштэй харьцуулахад бүх үзүүлэлтээрээ эерэг байгаа. Бидний нэрлэж заншсанаар утаа буюу дэгдэмхий, хүхэр, азотын давхар исэл зэрэг бүх үзүүлэлт нь буурсан. Тухайлбал, хүхэрлэг хий 80 хувь, азотын исэл 24 хувь, угаарын хий 35 хувь, нийт тоосонцор 72 хувиар тус тус буурч байгаа нь туршилтаар тодорхойлогдсон. Энгийнээр тайлбарлавал, нүүрсийг хагас кокс болгох явцад нүүрсний хорт бодис давирхай болж гадагшилдаг учраас нүүрсэнд агуулагдах таван төрлийн бодис багасна. Тэгэхээр хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнө жилүүдээс 50 хувь буурна гэж үзэж байгаа. -Мидлингээр хийсэн шахмал түлш хэрэглэж байх үед угаарын эрсдэл нэлээд хэл ам дагуулсан шүү дээ. Тэгэхээр шинэ түлш хэрэглэснээр энэ асуудал шийдэгдэх үү? -Угаарын хийн хордлого гэдэг зөвхөн түлшнээс үүсдэг зүйл биш. Зууханд хүчилтөрөгч багасаж, дутуу шаталт явагдсанаас үүдэн угаарын хий үүсдэг. Дутуу шаталт явагдвал цаас, аргал түлсэн ч угаарын хий гарна. Тиймээс хэрэглэгчид маань аль болох стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх нь угаарын хийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Хуучин цагт айлууд зуухаа засаж янзалж, яндангаа хөөлж өвлийн бэлтгэлээ хангадаг байсан шүү дээ. Энэ уламжлал, арга барилыг иргэд зайлшгүй хийж хэвших хэрэгтэй байгаа юм. -Танай компани өвлийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ. Шинэ түлшийг хэчнээн цэгээр худалдан борлуулах вэ? -Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүдийн урсгал засвар үйлчилгээг хийгээд дуусаж байна. Өргөтгөл шинэчлэлийн ажлууд ч багагүй хийсэн. Өнгөрсөн оны үлдэгдэл мидлингээрээ шахмал түлш үйлдвэрлэж, аюулгүйн нөөц бүрдүүлээд явж байна. Шинэ түлшний худалдан авах ажлыг тендерийн хуулийн дагуу зохион байгуулж, нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулсан. Гэрээ байгуулах, түлш татан авах, хадгалах, хэрэглэгчдэд хүргэх гээд цаг хугацаатай уралдсан олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хоёрдугаарт, аж ахуй нэгжүүдийг ямар түлшээр хангах уу гэдэг асуулт байгаа. 2018, 2019 онд түүхий нүүрс Улаанбаатарт түлэхийг хориглосон шийдвэр гарч байсан хэдий ч хяналт сул байснаас аж ахуй нэгжүүд жилдээ 150 орчим мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байсан юм билээ. Энэ нь агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болсон.Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Тавантолгой түлш ХХК-д аж ахуйн нэгжүүдийг мидлингээр хангах үүрэг даалгавар өгөгдсөн. Мидлинг нь түүхий нүүрстэй харьцуулахад дэгдэмхий хоёр дахин бага, илчлэг хоёр дахин өндөртэй бүтээгдэхүүн. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд 650 гаруй гэрээт цэгээр худалдан борлуулдаг байсан. Энэ галлагааны улиралд 400 гэрээт цэгээр дамжуулан худалдан борлуулахаар төлөвлөөд байна. -Хагас коксон түлшийг хэдэн төгрөгөөр худалдаалах вэ. Алдагдал хүлээх үү? -Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мидлингээр хийсэн шахмал түлшний үнийг хөнгөлөлттэй үнээр нэг шуудай буюу 25 кг нь 3750 төгрөг, нэг тонн нь 150.000 төгрөг байхаар тогтоож байсан. Хөнгөлөлтийн зөрүүг нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэс тавантолгой ХК-аас санхүүжүүлж ирсэн. Хагас коксон түлш нь мидлингээр хийсэн түлшнээс чанарын хувьд илүү. Гэхдээ эцсийн шийдвэрийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гаргах байх гэсэн хүлээлттэй байна. -Хийн түлшний асуудлыг танай компани хариуцаж байгаа гэсэн. Ажил ямар шатандаа явж байна вэ? -Нийслэлийн ногоон болон шар бүсэд хамрагдсан 50 мянган айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр зорилт тавьсан. Энэ жилийн хувьд 5000 айлыг хийн түлшинд шилжүүлэх ажлын суурь судалгаа хийгдээд бэлэн болсон. Ямар төрлийн төхөөрөмж ашиглах уу, ямар түлш хэрэглэх үү гээд бүгд тодорхой болж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төрлийн халаалтын шийдэл учир аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж, сургалтаас эхлээд хийх, хэрэгжүүлэх ажил нэлээд бий. Манайхан цаг наргүй л ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дан ганц түлш сайжруулах бус олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрдэмтэд зөвлөж байгаа шүү дээ. Тухайлбал, гэр байшинг дулаалах, халаалтыг шахмал түлшнээс хий, цахилгаанд шилжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, пассив хаус хороолол бий болгох ч гэдэг юм уу, тэрчлэн автомашины нүүрсэн яндан, жижиг дунд оврын уурын зуухны яндангийн шүүлтүүр, хийд шилжүүлэх гэх мэт. Энэ шилжилтүүдийг Нийслэлээс үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. -Иргэдэд коксон түлш болон хийн халаагуурыг ашиглах хэрэглээний соёл байхгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хүргэх ажил хэрхэн явагдах вэ? -Холбогдох мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаачидтай хамтраад аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж боловсруулах ажил хийгдэж байна. Ер нь айл өрхийг угаараас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа хийх зөвлөмж өгөх, тэдгээрт хяналт тавих зэрэг ажлыг "Түлшний хяналтын газар" ОНӨААТҮГ хариуцдаг. Айл өрхүүдийг мэдээллээр хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах, зөвлөмж өгөх зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн. Иймд "Түлшний хяналтын газар" ОНӨААТҮГ-тай хамтран коксон түлш болон хийн түлшний хэрэглээнд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангахад анхаарч ажиллана. Эх сурвалж: Өдрийн сонин
2025-08-04
Тусгай эрхийн сургалт зохион байгуулагдлаа
Тавантолгой түлш ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хэлтсээс тусгай эрхтэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг үнэлж, баталгаажуулах зорилгоор эрх бүхий мэргэжлийн байгууллага болох "МКЛ" сургалтын төвтэй хамтран тусгай эрхийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 107 ажилтан дараах чиглэлээр хамрагдсан байна. Үүнд: Даралтат сав хариуцагч, нам даралтын зуухны машинч – 38 ажилтан Өргөх, зөөх механизмын оператор – 23 ажилтан Сэрээт өргөгчийн оператор – 10 ажилтан Оосорлогч, дохиочин – 36 ажилтан Сургалтад хамрагдсан ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэж тусгай эрхийн гэрчилгээг шинээр олгох болон хүчинтэй хугацааг сунгалаа.
2025-06-13
Шалган нэвтрүүлэх журам, ХАБЭА-ийн талаарх сургалт зохион байгууллаа
Тавантолгой түлш ХХК  Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтад шилжсэнтэй холбогдуулан, байгууллагын ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлага, хамгаалалтын дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Ирэх сарын 1-нээс Түлшний үйлдвэрийн 2 дугаар цехийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан, ажлын байрнаас 30-аас дээш хоногийн хугацаанд хөндийрсөн ашиглалтын ажилтнуудыг мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрууллаа.  Сургалтаар: •  Шалган нэвтрүүлэх журам, нэвтрэх хяналтын зохицуулалт •  Зөрчлийн тухай хууль болон хуулийн хариуцлагын зохицуулалт •  Архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэх эрсдэл, хор уршиг, ажлын байранд нөлөөлөх сөрөг үр дагавар •  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, компанийн дотоод дүрэм, журам •  Ажлын байранд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүчин зүйлс, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаарх мэдээлэл •  Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн төрөл, зөв зохистой хэрэглээний талаар зөвлөмж •  Осол, эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, бууруулах, арилгах үйл явцад ажилтны оролцооны ач холбогдол •  Дадлага ажил болон аюулгүй ажиллагааны дадал хэвшүүлэх практик зааварчилгаа сэдвийн хүрээнд 150 ажилтан, албан хаагч хамрагдсан юм. Энэхүү сургалт нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл, холбогдох дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд хариуцлагатай ажиллах нөхцөлөөр хангах, аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, зөв хандлага төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
2025-05-28
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, гэр хорооллын айл өрхүүдийн дулаалгыг шийдэх асуудлаар санал солилцлоо. Агаарын чанарын хуульд заасны дагуу дүүргүүдийн шар болон ногоон бүсчлэлийг тогтоосон. Ногоон бүсчлэлд 101 мянган айл багтаж байгаа бөгөөд энэ бүсэд цаашид хатуу түлш хэрэглэхгүйгээр үе шаттай хийн болон цахилгаан түлш рүү шилжүүлэх шийдвэр гарсан билээ. Төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай санал солилцох үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Энэ жил 51 мянган айл өрхийн сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэх ажлыг зургаадугаар сараас эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 1-нээс ногоон бүсчлэлд хамрагдсан 51 мянган айл өрхийн гэр байшинг дулаалж эхэлнэ. Дулаалгын ажлыг хийж дууссаны дараа цахилгаан болон хийн халаагуурын системд шилжүүлэх ажлыг есдүгээр сарын 15-наас эхэлнэ. Ийнхүү дулаалсан, шаардлага хангасан айл өрхүүд хийн болон цахилгаан халаагуурт шилжих боломж бүрдэнэ" гэв.
2025-05-16
Гэрээ хоёр сая төгрөгөөр дулаалаад цахилгааны зардлаа 40 хувь хэмнэх боломжтой
Сүхбаатарын талбайд энэ сарын 7-ныг дуустал үргэлжлэх "Дулаан байшин" өдөрлөгийг олон иргэн зорин ирж, эрчим хүчний хэмнэлт, утаагүй амьдралын тухай шийдлүүдтэй танилцаж байна. Уг өдөрлөг гэр хорооллын иргэдэд хямд өртгөөр хэрхэн байшин, гэрээ дулаалж, түлш, цахилгаан зарцуулалтаа хэмнэх бодит гарцуудыг танилцуулж байгаа юм. Дэлхийн банкны тооцоогоор гэр хорооллын нэг өрхийг төвлөрсөн дулаанд холбох дэд бүтцийн зардал дунджаар 250 сая төгрөг. Харин 20 сая орчим төгрөгөөр байшингаа чанартай дулаалбал цахилгаан хэрэглээг 40-50 хувиар бууруулах боломжтой аж. Төв аймгийн Аргалант сумын малчин П.Алтангэрэл байшин, гэрээ дулаалснаар 12 сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл халаалтын ямар ч төхөөрөмж ашигладаггүй гэв. Дулаалга гэдэг бол хана, тааз, шал. Шалыг 10, ханыг 20, дээврийг 25 см зузаантай дулаалах ёстой. "Хамгийн гол нь дулаалга. Ямар ч сайн халаагуур тавьсан, байшин дулаан алдаж байвал үр дүнгүй" хэмээн тэр онцолсон юм.  Харин Дархан хотоос ирсэн Г.Очирсүх нүүрс түлж, зуухтай ноцолддог байдлаасаа салах цаг нь болсон гэж үзэн өдөрлөгийг зорьж иржээ. Бид хэт төвлөрлийн хар гайг их амслаа, одоо байшингаа дулаалж, эзэмшлийн газартаа тохитой амьдрах бодолтой гэв.   Дулаанаа хамгаалж чадвал урсгал зардлууд хүндээ үлдэнэ  Пассив хаусны мэргэжилтэн Н.Ганбаа "Төвлөрсөн дулааны систем нь газарзүйн нөхцөл, хөрсний цэвдгээс шалтгаалан маш өндөр өртөгтэй, цөөн хүн амд хүрэх боломжтой. Хоолой булсаар арван жил өнгөрсөн ч ашиглалт нь ердөө таван хувьтай байна.   Дэнжийн мянгын айл байшингаа 200 саяар зараад, гурван өрөө байртай болно гэж найдан хүлээдэг. Гэтэл бодит үнэлгээ нь 50–60 саяас хэтэрдэггүй. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхгүй.Харин дулаалж, яндангүй бүс болгосноор газрын үнэ өсөж, хөгжлийн гарц нээгдэнэ. Жилд түлшинд зарцуулдаг 5–6 тэрбум төгрөгөө дулаалга руу чиглүүлэх хэрэгтэй" гэв. Пассив хаусны нэг м.кв-ийн зардал 2.5 сая төгрөг аж.   Өдөрлөгт оролцсон "Монгол базальт" компанийн дулаалгын бүтээгдэхүүнүүд 65 жилийн эдэлгээтэй, шатдаггүй, ус нэвтэрдэггүй, агаарын солилцоотой гэдгээрээ онцлогтой. Бүтээгдэхүүн 7200-39 мянган төгрөгийн үнэтэй байна.  30 метр2  байшинг дулаалахад 500 мянган төгрөгийн базаалт чулуун хөвөн ашиглана.Халаалтын эрчим хүчний зардлыг багадаа 50 хувь хэмнэнэ. Харин "Чип" төслийн гэрийн дулаалга нь эсгий хөгц үүсэх, чийг барих асуудлыг шийдсэн технологиор хийжээ. Гэрээ дулаалснаар 30-40 хувиар цахилгааны зардал багасдаг. Гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулж байж цахилгаан халаагуур луу шилжихгүй бол ямар ч сайн халаагуур тавиад төлбөр өндөр л гарна. Гэрээ 1.8 саяас 2 сая төгрөгөөр дулаалбал цахилгааны зардлаа 40 хувь бууруулах боломжтой гэж "Мөнх-Алтай" компанийн захирал Ч.Мөнхсүх хэлэв. Мөн "Дулаан байшин" өдөрлөгт Худалдаа хөгжлийн банк "Ногоон зээл" нэрээр 300 сая төгрөг хүртэл урьдчилгаагүй, сарын 1.35-1.6 хувийн хүүтэй зээл олгож байна.Хас банк өдөрлөгийн гурван хоногийн турш байшиндаа нүүрс ашигладаггүй, тог бага гаргадаг халаалттай айлуудад зээл олгоно. Зургаан хувийн хүүтэй хэрэглээний зээл гаргаж байна. Мөн нэмэлтээр байшингаа дулаалах зорилготой, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах гэж байгаа бол гэрээт газруудтай холбон хөнгөлөлттэй зээл олгох аж. Хаан, Төрийн банк эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, ногоон бизнесүүдийг дэмжсэн зээл олгож байна.   Гэр, байшингаа дулаалах үндсэн аргууд: Ханын дулаалга  Чулуун хөвөн, хөөсөнцөр, эсгий зэрэг материалаар гадна болон дотор ханыг дулаална.  Ханын дулаалгын зузаан нь 20 см орчим байхад дулаан хадгалах чадвар сайжирдаг. Тааз, дээврийн дулаалга Дээврээр хамгийн их дулаан алдагддаг тул 25 см хүртэл зузаантай дулаалга шаардлагатай. Шатдаггүй, ус чийгт тэсвэртэй материалаар хийх нь тохиромжтой. Шалны дулаалга     Шал доороосоо дулаан алдахгүйн тулд 10 см орчим дулаалгын давхарга хийх хэрэгтэй Цонхны дулаалга  Хуучин, цантаж хөлддөг цонхыг вакуум эсвэл гурав давхар шилтэй цонхоор солих.  Цонхны завсар, хүрээгээр дулаан алдахгүйн тулд резин жийрэг, наалддаг дулаалгын тууз ашиглах. Хаалганы дулаалга Металл хаалга хэт хүйтэн бол дулаалгатай модон хаалгаар солих, эсвэл дулаан шүүр тусгаарлагч наалт хэрэглэх. Доод завсар, хүрээний хэсгийг битүүмжлэх. Эх сурвалж: www.gogo.mn
2025-05-07
Гэр, байшин дулаалах төслийг танилцууллаа
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон бусад албаны хүмүүст гэр, байшин дулаалах төслийг явцыг танилцууллаа.  2025 онд Ногоон бүсэд 30.0 мянган байшин, 20.0 мянга орчим монгол гэр дулаалахаар төлөвлөж, хямд зардал, богино хугацаанд гал тэсвэртэй дулаалгаар дулаалах жишиг загвар гаргахаар судалж байна. Тус хорооны иргэн Д.Батбаатарын 10*6м харьцаатай, полистрол блокон хийцлэлтэй байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг болон 10 мм аэрогель эсгийгээр дулаалсан нь дулаан алдагдлыг хоёр дахин бууруулжээ. Үүнээс гадна хөөсөнцөр болон агаар сэлгэлттэй эрдэст хөвөнгөөр дулаалах хувилбарыг ч судалж байгаа юм байна. Эдгээр дулаалгын ажлын өртөг зардал нь 3,5-5,3 сая төгрөгт багтаж байна. Мөн Д.Батбаатарынд гаднаас хүйтэн агаар сорж 60 хэмийн халуун агаараар ус халааж шахах цахилгаан эх үүсвэрийг суурилуулсан байна. Иргэн Д.Баянбаатарынх таван ханатай гэрт амьдардаг. Гэрийн хана, дээвэрт мөн аэрогел эсгийг хөнгөн цагаан даавуунд хавчуулсан дулаалгыг туурга, дээвэр, шаланд нь хийж өгчээ. Аэрогел эсгий дулаалга нь 10 см-н чулуун хөвөнг гурав давхарласантай адил хэмжээний дулаан тусгаарладаг, гал дэмждэггүй гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ материалаар гэр дулаалснаар дулааны алдагдал 3 дахин буурна гэдгийг хэлж байлаа. Энэ гэрт хийн түлшээр ажилладаг зуухыг суурилуулжээ. Энэ нь хэрэглэхэд хялбар, аюулгүй аж. Гэрийн хана, дээвэр, шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулжээ.   Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг "Ногоон болон Шар" бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ногоон болон Шар бүс дэх айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгааг тэмдэглээд энэ тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга, халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилтот бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардагдах эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар, хөх нүүрс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
2025-04-30
С.Даваасүрэн: Утаанаас салъя гэвэл нүүрснээс хагацаж ядаад байх шаардлагагүй
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болсон агаарын бохирдлыг бууруулж чадах уу, утаа хэзээ арилах вэ гэсэн асуулт нийслэлийн иргэн бүрийн аманд бий. Иргэдийн амь нас, эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон утааг багасгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэнтэй ярилцлаа. -Өмнө нь ажиллаж байсан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо татан буугдаж, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо шинээр байгуулагдаад дөрвөн сар болж байна. Ямар ажил хийв? -Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо өнгөрсөн оны 12 дугаар сард буюу өвөлжилтийн бэлтгэл хангагдсаны дараа байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд нэн тэргүүнд эрхзүйн орчныг сайжруулах ажлыг хийлээ. Дараа нь 2025-2026 оны галлагааны улиралд юу түлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллалаа. Нэгдүгээрт, сайжруулсан түлшний түүхий эдийг сольж байна. Ирэх өвлөөс Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний баяжуулсан нүүрсээр сайжруулсан түлш хийнэ. Өөрөөр хэлбэл экспортод гаргадаг бүтээгдэхүүнээр түлш хийж, түлнэ. Мөн барьцуулагчийг сайжруулж, орц, найрлагыг нэмэгдүүлж байгаа. Ирэх оны галлагааны улиралд айл өрхийн 60 орчим хувь нь сайжруулсан түлш түлэх юм. Шинэчилсэн тооллогоор гэр хороололд 170-172 мянган айл өрх бий. Эдгээр айлаас 50 000 айл өрхийг хийн түлш, цахилгаанд шилжүүлнэ. Үлдсэн 120 000 айл өрх сайжруулсан түлш түлнэ. Хоёрдугаарт, гэр хороололд дэлгүүр, үсчин, дугуй засвар, нийтийн байр зэргээ халаадаг уурын зуухтай 2306 аж ахуйн нэгж байна. Энэ аж ахуйн нэгжүүдийн жилийн нүүрсний хэрэглээ 30 орчим мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэж байгаа. Энэ зуухуудыг яаж шинэчилбэл аж ахуйн нэгжид эдийн засгийн дарамтгүй байхыг судалж, тооцоолж байна. Зургаан дүүргийн галлагаатай 2306 аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Утаанаас залхсан нь хэн бүхэнд ойлгомжтой. Гол нь эдийн засгийн дарамтгүйгээр технологийн шийдэлд шилжүүлэхэд хамтран ажиллаж байна. Үүнээс гадна 100 кВт-аас дээш хүчин чадалтай цэцэрлэг, эмнэлэг, хорооны байрыг халаадаг уурын зуухууд бий. Том зуух эзэмшигч нартай хоёр ч удаа уулзаж, ирэх галлагааны улиралд түүхий нүүрс түлүүлэхгүй гэдгээ тодорхой хэлсэн. -Түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн үг үү? -Засгийн газар 2018 онд түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоол баталж, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч аж ахуйн нэгжүүд өнөө маргаашийн зовлонг тоочсоор өнөөдрийг хүртэл түүхий нүүрс түлсээр байна. Үндэсний хороо өчигдөр байгуулагдаад өнөөдөр шаардлага тавиагүй гэсэн үг. Тиймээс 2025-2026 оны галлагааны улиралд түүхий нүүрс түлүүлэхгүй. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд өнөөдөр, маргаашийг аргацааж байгаад өмнөх долоон жил шиг түүхий нүүрс түлнэ гэсэн бодол битгий тээгээсэй, дорвитой арга хэмжээ аваасай гэж хүсэж байна. Түүхий нүүрснээс татгалзах долоон жилийн хугацаа, боломж байсан. -Аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээж авч байна вэ? Нүүрснээс татгалзахад бэлэн байгууллага байна уу? -Нүүрэн дээр эсэргүүцэж байгаа нэг ч хүн алга. Ану сервис ХХК гэхэд санаачилга гаргаад ирсэн. Бусад аж ахуйн нэгжүүд одоогоор ирээгүй байна. -Яаж хяналт тавих вэ? -Засгийн газрын тогтоолоор ТЭЦ-II, III, IV, Амгалан, Налайхын дулааны станц, Сэлбэ дэд төвд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч, бусдад хориглосон. Бид Багануурын уурхайд энэ зургаан газраас бусад байгууллагатай түүхий нүүрсний гэрээ хийхгүй байх тухай бичиг хүргүүлсэн байгаа. Энэ бичигтэйгээ холбогдуулан Экологийн цагдаагийн газартай хамтран ажиллана. Товчоод, хулгайн замд пост гаргуулна. Зөвхөн энэ зургаан байгууллагын нүүрс орж ирнэ, бусад газрын нүүрсийг оруулахгүй. Өмнөх жилүүд шиг түүхий нүүрс түлнэ, аргална гэж бодож байгаа бол боломжгүй, ямар нэг горьдлого тээх хэрэггүй шүү. Хийн түлш, цахилгааны шилжилт, шинэчлэлтээ эрт хийгээрэй. -Нүүрс түлэхийг хориглохоор аж ахуйн нэгжүүд ямар шийдэлд шилжих вэ? Танайх шийдэл санал болгож байгаа юу? -Бид судалгаа хийж, хийн түлш, цахилгаан бойлер, Heat pump, давхар шаталтад зуух, утаа шүүгч гэсэн зургаан хувилбарыг гаргасан. Агаарын бохирдлоос салъя гэвэл нүүрснээс хагацаж ядаад байх шаардлага алга, 2019 оных шиг зоригтой шийдэл гаргая гэвэл хамгийн боломжтой нь шингэрүүлсэн хийн түлш байна. Бид энэ судалгааг хийхдээ нийслэлийн 2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, УБЦТС ТӨХК-тай уулзалт хийсэн. Аль хэсэг дахин төлөвлөлтөд орох уу, хаана эрчим хүчний хангамж хүрэлцэх үү гэдгийг тооцоолсон. Хийн түлшинд шилжихийн тулд дулаалгыг маш сайн хийх шаардлагатай. Дулаалга сайн байвал эрчим хүчний хэрэглээ 60 орчим хувиар буурдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн зуух ашиглагч газруудад сургалт хэрэгтэй. Энэ ажлуудыг давхар хийнэ. Шинэ технологи руу шилжихгүйгээр өнгөрсөн жилүүд шиг урсгалаараа яваад байвал бид утаанаас хэзээ ч салахгүй.   Эх сурвалж: www.urug.mn
2025-04-23
MNS ISO/IEC 17025:2018 стандартын талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна
Тавантолгой түлш компани 2023 онд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болон  түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторийг ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл тус лабораторитоо "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлэхэд хэрэгжүүлэх арга зүй, бэлтгэл ажлыг хангах сургалтыг эхлүүллээ. Сургалтыг Монгол улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Ц.Туяа  удирдан явуулж байгаа бөгөөд  MNS ISO /IEC 17025:2018 стандартын шаардлагууд, нэвтрүүлэх ач холбогдол болон үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлж, байнга сайжруулах талаар нэгдсэн ойлголтыг өгч буй юм.  Сургалтад лаборатори болон ашиглалтын 30 орчим ажилтан хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
2025-04-16
Х.Нямбаатар: Өвлөөс өмнө 51 мянган айлыг хийн болон цахилгаан халаалт руу шилжүүлэх сорилт бидний өмнө тулгарч байна
НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар "20 минутын хот төслийн танилцуулга, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай, Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, ойрын хугацаанд утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа мэдээллийг өглөө. Тэрбээр "Нийслэлийн агаарын чанарыг бууруулж байгаа эх үүсвэрийн 56 хувийг гэр хорооллын айл өрхийн хатуу түлшнээс ялгарч байгаа утаа, авто замын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу исэл, цөөн хувийг ТЭЦ станцууд болон жижиг, дунд оврын уурын зуухууд бүрдүүлж байна. Тиймээс бид 2025-2026 оны өвлийн улирлыг давахад 51 мянган өрх айлыг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлье гэдэг төлөвлөлт хийгээд ажиллаж байна. Энэ ажлыг хийхэд нэгдүгээрт, 51 мянган өрхийг халаах халаагуурын тоног төхөөрөмжийг худалдан авах, тухайн айл өрхийг дулаан алдалтгүй болгох, цахилгаан эрчим хүч болон хийн түлшээр тасралтгүй хангах гэсэн суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Хийн түлшид шилжсэн айл өрхөд одоогийн шөнийн цагийн цахилгааны хөнгөлөлт хэвээр үйлчлэхээс гадна 10-аас дөрөвдүгээр саруудад агаарын тухай хуульд үзүүлсэн нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлье гэж байгаа юм. 51 мянган айлыг цахилгаан болон хийн халаагуурт шилжсэнийх нь төлөө, өвлийн улирлын туршид 45 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгох боломжтой гэх тооцоо судалгааг гаргасан" гэлээ. Айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх дэмжлэгийг ямар эх үүсвэрээс гаргах тухай Төлөөлөгчид асуув. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Сайжруулсан түлшний үйлдвэрийн олсон орлогоос болон Улаанбаатар хот анх удаа Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд карбон кередит буюу агаарын бохирдлыг бууруулсны төлөө авдаг урамшууллыг бусдад худалдах яриа хэлэлцээрийг хийж байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзаж тоног төхөөрөмжийн зардлын 25 хүртэлх хувийг санхүүжүүлэх дэмжлэг авч чадлаа. Утаанд амьдарсныхаа төлөө буюу бидний алдагдсан боломжийн өртгийг тооцвол энэ 45 тэрбумаар хэмжигдэхгүй. Тиймээс та бидний хамгийн том сорилт бол халаалтын улирал эхлэхээс өмнө 51 мянган айл өрхийг дулаалах болон хийн, цахилгаан халаалалтад шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэх юм" гэв.
2025-04-16
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
Тавантолгой түлш компанийн Хууль, эрхзүй хэлтсээс Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран  ажилтнуудын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтаар Гэр бүлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт, мэдээллийг өгсөн юм. Сургалтыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэхийн мэргэжилтэн хошууч Г.Алтансүх, ахлах дэслэгч Г.Лхагва, замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Д.Даштогтох нар удирдан явууллаа.
2025-04-15
Дотоод тээврийн компаниудад шалган нэвтрүүлэх журмыг танилцууллаа
Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн  бүсийн шалган нэвтрүүлэх журмын талаар  дотоодын тээврийн компаниудад танилцууллаа. Ажлын албаны дарга И.Баттөгс, Борлуулалт хадгалалтын албаны дарга О.Мишээл, Бүтээгдэхүүн түгээлтийн албаны дарга Ш.Мөнхцог болон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбарын захирагч Хошууч Д.Пүрэвсүрэн нар журмыг танилцуулж, зөрчлөөс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Уулзалтад шахмал түлшний тээвэр хийдэг 28 компанийн удирдлагууд оролцлоо.
2025-03-26
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд