Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Зорилтот бүлгийн 6,094 өрхөд зургаан долоо хоногийн турш нийт 36 шуудай түлш олгоно
БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, "Таван Толгой Түлш" ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгдсэн байдлаар тогтмол хүргэдэг. Ээлжит мэдээллээр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдрүүдэд 608 шахмал түлш борлуулах цэг ажиллаж, өдөрт 4000 орчим тонныг борлуулсан. Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар 22.100 тонн шахмал түлшний нөөцтэй байсан. Тус нөөцөөр цагаан сарын баярыг өнгөрөөх төлөвлөлт гаргасан. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөн өчигдрөөс эхлэн зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгохоор болсон. Энэ хүрээнд 6,094 өрхөд шахмал түлш олгох гэж байна. Тус өрхүүдийн шахмал түлш авдаг картыг цэнэглэж өгснөөр иргэд өөрсдөө очиж түлшээ авах юм" гэдгийг хэллээ.
2022-01-04
Сайжруулсан түлшний цэгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, 102 дугаарт зөрчлийн мэдээлэл авч эхэллээ
Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазарын 15 дугаар тушаалаар сайжруулсан түлшний хэрэглээнд хяналт тавих, түлш борлуулах цэгүүдийн тоог нэмэгдүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Ихбаярт үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотод сайжруулсан түлшний борлуулалтын 607 цэг ажиллаж байна. Мөн зарим иргэд ажлаа тараад гэртээ харих үед сайжруулсан түлшний цэгүүд хаалттай байна гэх гомдол ирдэг. Тиймээс Тавантолгой түлш компанитай хамтран түлш борлуулах цэгүүдийг өглөө, оройн ээлжинд шилжүүлж, цагийн зохицуулалт хийжээ. Ингэснээр орой ажлаа тарсан иргэд түлш авах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд утаа нэмэгдэж байна гэх шүүмжлэл гарч байгаа. Утааны үнэр нэмэгдэх болсон шалтгааныг шалгаж тогтоохыг хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгоод байна. Иргэдийн зүгээс хог, автомашины дугуй шатааж байна гэх гомдол, мэдээлэл хэлдэг. Гэвч шалгалтаар тогтоогддоггүй. Сайжруулсан түлш худалдаж авах боломжгүй, зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй түлш олгодог байсан нь нөөцийн асуудлаас болж зогссон. Гэхдээ Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Тавантолгой түлш компанитай зөвшилцөөд 2022 оны нэгдүгээр сарын 02-ноос эхлээд зорилтот бүлгийн иргэдэд өдөрт 100 тонн сайжруулсан түлшийг үнэгүй олгодог болохоор бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн сайжруулсан түлшнээс өөр зүйл шатаасан зөрчлийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч, шуурхай ажиллаж эхэллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2022-01-04
Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл түлшний үнэд өөрчлөлт орохгүй
Засгийн газрын шийдвэрээр айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг зургадугаар сар хүртэл тэглэхээр болсон. Тодруулбал, орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг ирэх тавдугаар сарыг дуустал хугацаанд төр хариуцах юм. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг хүйтний эрч сулартал 50 хувийн хөнгөлөлтэй үнээр борлуулахаар болж байна. Энэ талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн борлуулалтын албанаас тодруулахад "Түлшний үнэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өөрчлөлт орохгүй. Засгийн газрын тогтоолын дагуу түлшний үнийг 50 хувийн хямдралтай буюу нэг шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байна. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс хойш шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлнэ" гэлээ. Мөн амьжиргааны түвшин доогуур орлоготой, зорилтот бүлгийн 6098 айлд түлш олгохоор болсныг өнөөдөр /2022.01.03/  агаарын чанарын талаарх ээлжит мэдээллийн үеэр холбогдох байгууллагууд мэдээлэв. Тодруулбал, нэн хүнд амьдралтай, түлээ түлшний хомсдолтой айл өрхийн сайжруулсан шахмал түлшний картыг цэнэглэж, долоо хоногтоо зургаан шуудай түлш авах нөхцөл бүрдүүлэхээр болжээ. Үүнийг Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас "Тавантолгой түлш" ХХК-тай хамтран хэрэгжүүлэх юм байна. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэлэхдээ "Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын шийдвэрээр зорилтот бүлгийн өрхүүдэд шахмал түлш олгохоор болсон. Энэ хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6094 өрхийн мэдээллийг гаргаж өгснийг үндэслэн, шахмал түлш олгоно. Эдгээр өрхийн шахмал түлшний картыг цэнэглэж өгөх бөгөөд иргэд өөрсдөө очиж түлшээ авах зохицуулж хийж байна" гэлээ. Өнөөдрийн байдлаар "Тавантолгой түлш" ХХК 22.1 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байгаа бөгөөд Цагаан сарын баяр өнгөртөл хүрэлцэнэ гэж тооцжээ.
2022-01-04
Ч.Буянжаргал: 72 айлын 120 гаруй иргэнийг угаарын хийд өртөхөөс сэргийлсэн
"Таван Толгой Түлш" ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар манай Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 600 гаруй ажилтан гэр хорооллын айл өрхүүдэд угаараас угаараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар угаарын хийн тусламжийн 103 утсанд нийт таван удаагийн дуудлага ирсэн. Үүнээс нийт долоон хүн угаарын хийн хорлогод өртсөн. Бид энэхүү таван айлд очиж, шалгалт явуулахад, энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлсэн, зуухны битүүмж алдагдсан, галлагааны горим буруу гэсэн шалтгаанаар угаартсан байна. Одоогоор эдгээр иргэдийн биеийн эрүүл мэнд хэвийн байна. "Таван толгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвд бүх айл, өрхийн угаарын хийн хэмжээг 24 цагаар тогтмол хянаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 72 айлд угаарын хий ялгарч байгааг бид хяналтын дэлгэцээс илрүүлсэн. Нийтдээ 72 айлын 120 гаруй иргэнийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж ажилласан. Мөн шөнийн цагаар нийт 12 удаагийн айлд угаарын хий ялгар байгааг мөн хяналтын дэлгэцээс олж, илрүүлсэн" гэв.
2021-12-27
Сайжруулсан шахмал түлшний шуудайг эргүүлэн авч дахин ашиглана
"Тавантолгой түлш" ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглана. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авах юм. Нийслэлийн хэмжээнд зургаан байршилд 10 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савлаж байна. Дээрх байгууллагууд иргэдээс түлшний шуудай 300 хүртлэх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байх юм. Иргэдээс авсан шуудайнд дахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглана. Иргэдийн хувьд түлшний шуудайгаа буцаан өгөхдөө шуудайны амны оёдлыг хөвөрдөж задалсан байх бөгөөд урж гэмтээж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийнхүү 25 кг-ын савлагааны шуудайг иргэдээс худалдан авч, дахин ашигласнаар үйлдвэрлэлийн зардлыг тодорхой хэмжээнд бууруулах, хог хаягдлыг багасгах ач холбогдолтой юм. Шуудай худалдан авах аж ахуй нэгжүүд   д/д Байгууллагын нэр Утасны дугаар Захиралын нэр 1 Алдар ямаат уул ХХК 80080896 Н.Отгонцэцэг 2 Мандах жагар мөнх ХХК 90300353 В. Сүрэнхорлоо 3 Мөнх шинэс ХХК 99267866 М. Батсанал 4 Дэвжих наран билэг ХХК 86161686 О. Зоригтсүх 5 Тепо Хөгжил ХХК 88257885 Н. Төмөрбаатар 6 Тэргэл Тэнгэр ХХК 88094206 Г. Батбаяр 7 Болд Лийдерс ХХК 88970578, 89159352 Г. Уламбаяр 8 Арвижих сувдан тулга ХХК 99858990 Т. Энхтайван 9 Өрхийн хүү хөгжил ХХК 99074364 Н. Бурмаа 10 Булган соёмбо ХХК 94943398 Л. Баярсайхан
2021-12-16
Сайжруулсан шахмал түлшийг 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл 1875 төгрөгөөр худалдаална
Сайжруулсан шахмал түлшийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 50 хувийн хөнгөлөлттэй буюу 1875 төгрөгөөр худалдаалах Засгийн газрын тогтоол бий. Тэгэхээр иргэд ирэх оны дөрөвдүгээр сараас хойш нэг шуудай сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр авч, хэрэглэнэ гэсэн үг. Энэ үнийг засгийн газраас тогтоож өгсөн бөгөөд, цаашид нэмэгдэх эсэх нт тодорхойгүй байгаа гэж Тавантолгой түлш компаниас мэдээллээ. Ташрамд дурдахад, нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж буй бөгөөд эдгээр газрууд өдөрт 3600 тонн түлш худалдаалж буй гэнэ.
2021-12-15
Тавантолгой Түлш ХХК-ийн зөвлөх Г.Бадамхатан аж үйлдвэрийн гавьяат цол хүртлээ
Тавантолгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Гүржавын Бадамхатан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол тэмдэгээр шагнууллаа. Зөвлөх Г.Бадамхатангийн хувьд монгол орны хөрсөнд байгаа хүрэн нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, хүрэн нүүрсийг боловсруулж нефть гаргаж авах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж авах судлагаа шинжилгээний ажилд амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан эрдэмтэн хүн юм. Түүний уйгагүй олон жилийн судалгааны үр дүнд Тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлж агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулаад байгаа билээ.
2021-11-26
Тавантолгой Түлш ХХК үндэсний үйлдвэрлэгчдээс 2 сая ширхэг шуудай худалдан авна
УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ "Таван толгой түлш" ХХК нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор нийт 2.000.000 ширхэг сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх сав баглаа, боодол үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд: Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх. Татварын өргүй талаар тодорхойлолт Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 30–ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд хамтран ажиллах саналаа Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.
2021-11-23
Сайжруулсан шахмал түлшний 281 цэг ажиллаж байна
Нийслэлийн гэр хороололд сайжруулсан шахмал түлшний 128 цэг ажиллаж байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд 153 цэг шинээр байгуулж 281 цэгээр шахмал түлш худалдан борлуулж байна. Дээрх цэгүүдэд захиалгын дагуу 5 тонн түлш дотоод тээврийн туслан гүйцэтгэгч 34 компани хүргэн ажиллаж байна. Цаашид ч шахмал түлш худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлнэ. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд энэ жил 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор бага байгаа юм. Энэ нь "баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүс рүү нүүлгэнэ" гэж хавар эрт үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой юм.
2021-11-04
Өнөөдрөөс 128 цэг ажиллаж эхэлнэ
Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 87-оор нэмэгдүүлж 128 цэг ажиллаж, борлуулалт хийнэ. 2021-2022 оны галлагааны улиралд нийт 600 борлуулалтын цэг буюу 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцоолсон тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ мэтчилэн үе шаттайгаар нэмэгдүүлсээр цэгийн тоог дээрх тоонд хүргэнэ гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа хэллээ. Цаашид нээгдэх борлуулалтын цэгүүдийг өндөрлөг болон гэр хорооллын дунд аль болох хүртээмжтэй байх байршлыг бодолцож нээнэ гэдгийг ч тэд хэлж байна.
2021-10-30
Маргаашаас 414 цэгээр түлш борлуулна
Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар гэрээт 284 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулж байна. Гэрээт борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр 130 иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж маргаашаас 414 цэгээр түлш худалдаална. Тиймээс иргэд борлуулалтын цэгүүдэд зориудаар хиймэл хомсдол үүсгэлгүй, өөрийн хэрэгцээт түлшээ өөрт ойрхон цэгээс худалдан авахыг зөвлөж байна. Тэрчлэн галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан яндан, зуух, пийшингийнхээ битүүмжлэлд анхаарал хандуулж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Мөн угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж эвдэрсэн болон тэжээлийн зай нь дууссан бол сольж хийгээрэй.
2021-10-05
Картаа баталгаажуулаагүй өрхөд түлш худалдаалахгүй
Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр болжээ. Энэ жилийн тухайд нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжинд 200 цэгээр дамжуулан борлуулах аж. Түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг түлш худалдан авах эрхийн "Сайн" картаа баталгаажуулж, өрхийн бүртгэлдээ бүртгүүлэхийг уриаллаа. Учир нь, Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд "Нэг өрх- нэг карт" зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг Тавантолгой түлш ХХК-нд үүрэг болгосон юм. Тиймээс айл өрхүүд гэртээ байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай. Хэрэв бүртгэлгүй карттай бол танд түлш олгохгүй гэдгийг ч албаныхан хэлж байна. Тиймээс Тавантолгой түлш ХХК-ийн 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ ХҮТ-ийн салбарт очиж картаа баталгаажуулах юм. Мөн айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхэн анхааруулж байна. Нийслэлийн төсвөөс гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүйгээр олгосон. Уг төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авах шаардлагатай. Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхижүүлэхгүй юм байна.
2021-09-23
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд