СУРВАЛЖИЛГА: Би шугамын машинистаар ажилладаг цор ганц эмэгтэй ажилтан
Тоос шороо босож, тортог буртаг бургина. Энэ бол "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр. Магадгүй хүмүүс энд ажиллахаас цааргалдаг байж болох ч ажилдаа хайртай бас дуртай мянга, мянган хүн энэхүү үйлдвэрт ажиллаж, Нийслэлчүүдийн өвлийг өнтэй давахад чухал үүрэг гүйцэтгэсээр. Хэдий эмэгтэй хүн ажиллахад хэцүү ч олон сайхан бүсгүй, айл гэрийн гэр гийгүүлэгч энэ л үйлдвэртэй амьдралаа холбож, ажлыг хүнд гэж голохгүй, хэн нэгэнд гомдоллохгүй үнэнчээр ажилласаар. Иймд Ubn.mn сайт "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрээс дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
"Тавантолгой Түлш" ХХК "Зүүн бүсийн үйлдвэр", II ЦЕХ
Биднийг уг үйлдвэрт очиход үнэхээр л цөөн тооны бүсгүйчүүд харагдаж байв. Хэдий оффисын эмэгтэй ажилтан олон ч яг үйлдвэр дээр тоотой хэдэн бүсгүй ажилладаг аж.
Нийслэлчүүд бид сайжруулсан шахмал түлшийг галлагаанд хэрэглэж мэдэх ч ард нь ямар хүмүүс ямар их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ шингээдэг вэ гэдгийг төдийлөн мэдэхгүй. Магадгүй сонирхож байгаагүй хүмүүс ч олон байх. Тэгвэл энэхүү үйлдвэрт ажиллаж буй хүн бүр нийслэлийн иргэдийг тав тухтай, дулаан байлгах үүднээс өдөр, шөнийг үл харгалзан ажиллаж, чин сэтгэлээсээ, чанартай түлш үйлдвэрлэхийг зорьдог байна.
Ubn.mn сайтын сурвалжлах баг Зүүн бүсийн үйлдвэрийн II цехийг зорилоо. Уг цехэд бид Холигчийн машинист Л.Бүрнээтэй уулзаж ярилцав. Түүний хувьд энэ цехийн хамгийн чухал ажлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл түлш хэр чанартай болох нь энэ бүсгүйтэй хамааралтай гэсэн үг юм. Тэрбээр,
Шугамын машинистаар ажиллахад эмэгтэй хүнээс маш их хүч шаарддаг
"Би энэ үйлдвэрт яг энэ ажлыг хариуцаад 4 жил болж байна. Миний ажлын гол онцлог бол чанартай түлш гаргах. Түлшний гол орц болох цавуу, медлинг зэргийн чийгийг тааруулдаг тул хамгийн хариуцлагатай ажил гэж хэлж болно. Чийгийг ихдүүлж бас багадуулж болохгүй. Чийг таарвал түлш маш гоё гарна.
Түүнээс гадна би өөрөө ч бас сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. Хог багатай түлш хэрэглэх сайхан шүү дээ. Тийм учраас бусад хүмүүст ч бас сайхан сэтгэгдэл төрүүлэх үүднээс ажлаа чин сэтгэлээсээ, хариуцлагатай хийдэг. Бид ээлжээр ажилладаг. Тиймээс холигч машинаа дараагийн ээлждээ хүлээлгэж өгөхийн тулд ажил дууссаны дараа машиндаа цэвэрлэгээ хийдэг. Тиймээс цэвэрлэгээний ажил жаахан хэцүү. Өвлийн улиралд цэвэрлэгээг маш сайн хийхгүй бол болдоггүй. Учир нь машин маань дотроо чийгтэй учраас хөлдөх эрсдэлтэй. Тиймээс сайтар цэвэрлэх хэрэгтэй болдог.
Зүүн, баруун, төвийн бүс дээр надаас өөр шугамын машинистаар ажилладаг эмэгтэй байхгүй байх. Би ганцаараа шугамын машин дээр ажилладаг эмэгтэй ажилтан. Нөгөө ээлжийн хүн маань эрэгтэй хүн л дээ. Тиймээс надаас маш их хүч шаарддаг.
Дээр нь манай хамт олон ихэвчлэн залуучууд. Дүү нартайгаа ажиллахад маш их эрч хүчтэй байдаг. Эд нараасаа хоцорчихгүй юм сан гээд л их хичээнэ шүү дээ. Тиймдээ ч ажлаараа, хамт олноороо маш их бахархдаг.
Дарга нар маань намайг эмэгтэй хүн учраас савлагаа руу орох уу, хөнгөн ажил хийх үү гэж асууж байсан л даа. Гэхдээ би анх ажилд орохдоо л холигчоор ажиллаж эхэлсэн болохоор гарт аль хэдийнээ орчихсон. Тийм учраас энэ ажлаа тэтгэвэрт гартлаа хийнэ гэж бодож байгаа. Одоо 5 жил үлдсэн байна" гэсэн юм.
Үнэхээр л тэрбээр ажилдаа гарамгай, чадварлаг гэдэг нь харагдаж байсан юм. Бусад хүмүүс хараад ч мэдэхгүй хольцыг нүдээрээ хараад л чийг нь таарсан үгүйг хэлж байлаа.
Мөн бид тус цехэд бас нэгэн чухал үүрэг гүйцэтгэгч Технологич Б.Энхжаргалтай уулзсан бөгөөд тэрбээр,
Сайжруулсан шахмал түлшний технологийн горимыг алдагдуулахгүйн тулд шалгалт хийдэг
"Миний ажлын чиг үүрэг бол бүтээгдэхүүний буюу сайжруулсан шахмал түлшний технологийн горимыг шалгах, түүнийг алдагдуулахгүй байх. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний чийгийн хэмжилтийг хийж, чанартай бүтээгдэхүүн гаргаж буй эсэхэд хяналт тавьж ажилладаг. Маш хариуцлагатай ажил" гэв.
"Тавантолгой Түлш" компанийн Зүүн бүсийн үйлдвэр 3 цехтэй. Цех бүрд 20-25 бүсгүй 4 ээлжээр ажиллана. Эмэгтэй ажилчид ихэвчлэн арай хялбар учир савлагааны хэсэгт ажилладаг байна. Бид сурвалжилгынхаа явцад савлагааны хэсэгт очсон бөгөөд тэнд хэд хэдэн бүсгүй ажлаа хийн зогсоно. Ганц нэг нь бэлэн болсон сайжруулсан шахмал түлшийг савлаж байхад зарим нь бичилт хийж байсан юм.
Өөрөөр хэлбэл бичилт гэдэг нь шахмал түлшний уутан дээр байдаг үйлдвэр болон он, сар, өдрийг тэмдэглэн өөрсдийн гараар өнөөдөр үйлдвэрлэж буй шахмал түлшний мэдээллийг бичдэг гэсэн үг юм.
Түүнээс гадна үйлдвэрийн ажилд хамгийн чухал зүйл бол ХАБ /Хөдөлмөрийн аюулгүй байдал/-ыг чандлан сахих. Тиймдээ ч ХАБ-ын ажилтнууд өглөө ээлж авахдаа бүх ажилтнууддаа аюулгүй ажиллах дүрмийг сануулахын зэрэгцээ үйлдвэрлэлийн явцад ч мөн ажилтнууддаа анхаарлаа хандуулж байдаг аж. Тиймээс бид тус цехийн ХАБ-ын мэргэжилтэн З.Ган-Учралтай уулзахад,
Үйлдвэрт эмэгтэй хүн ажиллахад их хүнд байдаг
"Манай үйлдвэрийн 3 цехэд эмэгтэй ХАБ-ын ажилтан ажилладаг. Миний хувьд II цехийн ХАБ хариуцсан ажилтан. Манай цехэд нийт 208 ажилтан ажилладгаас 25 нь эмэгтэй. Эмэгтэй ажилчид маань ихэвчлэн удирдлагын шит, хатаахын оператор, савлагааны оператор, шуудай бичээч зэрэг ажлуудад ажилладаг. Мөн миний хувьд ажилчдадаа ХАБ-ын заавар зөвлөгөөг өгдөг бөгөөд 2 цаг тутамд хяналт шалгалт хийдэг.
Түүнчлэн энэхүү үйлдвэрт ажиллаж буй хүн бүр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас ажлаа маш сайн мэдэж, чин сэтгэлээсээ хийдэг. Мөн тоосжилт ихтэй учраас цэвэрлэгээ, үйлчилгээг маш сайн хийх хэрэгтэй болдог л доо. Дээр нь эмэгтэй хүн хийхэд хүнд ажил гэж боддог.
Түүнээс гадна бүх ажилчдадаа хоолны хажуугаар хор саармагжуулах бүтээгдэхүүн өгч, эрүүл аюулгүй байдлыг нь ханган ажиллахыг зорьдог" хэмээв.
Үнэхээр л үйлдвэрийн нөхцөл байдал тоос, тортог ихтэй. Арга ч үгүй биз сайжруулсан шахмал түлшний эхлэлээс эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрэх хүртэлх бүх шат дамжлага энд л явагдаж байдаг тул ажиллах орчин нөхцөлд тоосжихгүй байхын аргагүй. Гэхдээ үйлдвэрийн ажилчид ажлаа хүнд хэцүү гэж голохгүй, орчин нөхцөл муу гэж хэлэхгүй аль болох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн сэтгэлд хүргэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж буй. Тэдний нэгээхэн төлөөлөл бол дээрх бүсгүйчүүд билээ.
Эх сурвалж: www.UBN.mn
2024-03-08
Тавантолгой түлш ХХК механик цехтэй болно
Тавантолгой түлш компани үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмж, засвар үйлчилгээнд ашиглах зарим сэлбэг хэрэгслээ хийх механик цехтэй болно.
2018 оноос хойш баруун, төв, зүүн гэсэн гурван үйлдвэрт шахмал түлшийг хийж хэрэглэгчдэдээ хүргэж ирсэн. Энэ хугацаанд үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжийг тендэрээр болон бусдаар гэрээгээр гүйцэтгэтгүүлэн хийлгэж ирсэн байна. Тиймээс компанийн санхүүгийн хэмнэлтийн бодлогын хүрээнд механик цехийг ашиглалтад оруулж, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бусдаар гүйцэтгүүлэх ажлыг өөрсдөө хийх зорилго тавьж, механик цехийг ирэх сарын 15 гэхэд ашиглалтад оруулахаар зорьж байна.
Энэ цех ашиглалтад орсноор зорлого, токер, цутгуур, цахилгаан хөдөлгүүр ороох зэрэг ажлыг өөрсдөө, дотооддоо хийх боломж бүрдэх юм. Нийтдээ 16 тоног төхөөрөмжтэй, 20 хүн ажиллах боломжтой цех юм.
2024-03-06
Локомобилийн татах тооцоог хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилт хийлээ
Тавантолгой түлш компани сэлгээний зүтгүүр буюу Локомобилийг өнгөрсөн сард хүлээн авсан билээ. Энэхүү хөдөлгүүрийн татах тооцооллыг мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлтэд тулгуурлан туршилтын ажлыг амжилттай хийлээ. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэргэдэх Тээврийн дээд сургуулийн дэд захирал С.Галбадрахаар татах тооцооллыг хийлгүүлжээ. Тооцооллын дагуу ачаатай 5 вагон буюу 450 тонн ачааг тэгш болон 3,5м хэвгий налуу газарт уг туршилтыг хийсэн байна. Ачаатай вагоныг хэвгийтэй газар зогсоогоод байрнаас нь хөдөлгөхөд 5км/цагийн хурдтайгаар хөдөлжээ. Мөн тэгш хэмтэй газар 10 км/цагийн хурдтай татаж байсан байна. Туршилтаар ачааны хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
2024-03-04
Угаарын асуудалд Нийслэл хяналт тавина
Нийслэлийн гэр хороололд шахмал түлш хэрэглэж эхэлсэн үеэс эхлэн Тавантолгой түлш компани иргэдэд шахмал түлшний тухай мэдээлэл, угаараас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэг бүхий Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг байгуулан ажиллаж ирсэн. Энэ хугацаанд гэрээт ажилчдыг бүртгэж, нэг гэрээт ажилтан 200-300 өрхийг хариуцан угаараас сэргийлэх чиглэлээр болон зөв галлагааны талаарх заавар зөвлөгөө, мэдээ мэдээллийг өгч ажиллаж байсан юм. Тэгвэл энэ чиглэлийн үүргийг Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газар хариуцахаар боллоо. Өөрөөр хэлбэл, Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Нийслэлийн Хэсэгчилсэн инженерийн хангамжийг удирдах газрын Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс болон өөрчлөгдсөн юм. Тус хэлтсийн 70119410 дугаарын утсаар холбогдож мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө авахаас гадна зуух пийшингийн засварын талаарх дуудлагыг өгөх боломжтой юм.
2024-02-26
“Хандлагаа өөрчилье, Хариуцлагаа нэмье” хугацаат аян хэрэгжиж эхэллээ
Тавантолгой түлш компанийн Захиргаа, удирдлагын газраас "Хандлагаа өөрчилье, хариуцлагаа нэмье" сэдэвт нэг сарын аяныг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд тус газрын харьяаны Хуулийн хэлтэс, Захиргааны хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэс, Мэдээлэл технологийн хэлтсийнхэн шинэ батлагдсан бүтцийг хэрэгжүүлэх, 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудад тус тусын хийх ажлуудаа тусгаж, хэрэгжүүлэх аж. Аян ирэх сарын 21-нд дуусах юм.
2024-01-22
Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт нарт шахмал түлшний талаар мэдээлэл өглөө
Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт болон бусад албаны хүмүүс өнөөдөр Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Тавантолгой түлш компанийн Ерөнхий технологич Х.Галымбек, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат, Хагас коксын төслийн ерөнхий инженер Ж.Батбилэг нар шахмал түлшний технологи болон компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Тавантолгой түлш компанийн хувьд гурван үйлдвэрээр шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд баруун үйлдвэрийн үйл ажиллагааг шат дараатай бууруулж байгаа юм. Анх 4 цехийн 13 шугамаар нийт үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр 4 шугамаар 7,7 хувийг үйлдвэрлэж байгаа юм. Хүчин чадлыг үе шаттай бууруулах байдлаар баруун үйлдвэрт цаашид түлш үйлдвэрлэхгүй гэж мэдэгдлээ.
Мөн шахмал түлшний орц, найрлага, технологийн хувьд 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй бөгөөд олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангаж байгааг онцолсон юм. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлснээс хойш төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд хяналт шалгалтыг тогтмол хийж, итгэмжлэгдсэн лабораториудаар шинжлүүлж байсан гэдгийг уулзалтын үеэр танилцуулсан юм.
2024-01-19
МЭДЭГДЭЛ
Тавантолгой түлш компани Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу 2019 оноос эхлэн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэн ажиллаж байна. Манай үйлдвэрлэж байгаа шахмал түлшний түүхий эдэд Тавантолгойн орд газрын Ухаа худагийн угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлинг 95 хувь, холбогч эд буюу барьцалдуулагч бүтээгдэхүүн 4-5 хувийг эзэлдэг. Мидлинг нь түүхий нүүрстэй харьцуулахад шаталтаас үүсэх дэгдэмхий бодис хоёр дахин бага ялгардаг онцлогтой бол барьцалдуулагч нь байгалийн гаралтай цардуул байдаг юм.
Манай компанийн үйлдвэрлэж буй шахмал түлшний орц, найрлага, бүтээгдэхүүний чанарт төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагууд тогтмол хяналт тавьж, итгэмжлэгдсэн олон улсын болон дотоодын лабораториудад дээж өгч шинжлүүлж ирсэн. Энэ хугацаанд Монгол Улсад мөрдөгдөж буй Сайжруулсан шахмал түлшний MNS5679:2022 стандартыг бүрэн хангаж байна.
Барьцалдуулагч эд үйлдвэрлэгч "Баялаг эрдэнэ цом" ХХК-ийн захирал Л.Ганзориг нь шахмал түлшний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр удаа дараа тарааж манай компанийн 3000 орчим ажилтны хөдөлмөрийг үгүйсгэж байгаа тул хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.
Тавантолгой түлш ХХК-ийн Хуулийн хэлтэс
2024-01-19
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалдаанд оролцох саналыг батлагдсан маягтын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулан, дэнчин төлснийг нотлох банкны баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримт)-ний хуулбарын хамт дугтуйд хийж, дугтуйн гадна талд авах автомашиныхаа марк улсын дугаарыг бичиж, Чингилтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8 "Тавантолгой Түлш" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б байр / Хуучнаар 1072 хувьцааны мэдээллийн төв/-д байрлах саналын хайрцагт хийнэ. Санал авах сүүлийн хугацаа 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
Саналын хуудасны маягтыг https://ttt.mn хаягаас татаж авч болно.
3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төв, Сэргэлэн, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот байрлах "Тавантолгой Түлш" ХК–ний Зүүн үйлдвэрийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар авах 88094206, 86079470, очиж үзэх 80508811 утсаар холбогдоно уу.
2024-01-15
Экологийн цагдаагийн албатай хамтран айл өрхүүдийн зуух, пийшинд шалгалт хийлээ
Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн шахмал түлшний хяналтын хэлтэс, Тавантолгой түлш компани хамтран Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн зарим айл өрхүүдийн зуух пийшинд шалгалт хийж, заавар зөвлөгөө өглөө. Шалгалтаар айлуудын зуух эвдэрсэн, ширэм хагарсан, ул ширэм хугарсан, ханан пийшин хагарсан зэрэг зөрчил дутагдал олон байлаа. Мөн айлуудын угаарын хийн мэдрэгч ажиллахгүй, тэжээлийн зай нь дууссан гэх шалтгаан хэлж байлаа. Иймд дээрх байгууллагуудаас иргэдийг зуух, пийшин, яндангийнхаа битүүмжлэлийг сайтар шалгаж, эвдэрсэн бол засч сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг зөвлөж байна.
2024-01-11
Локомобиль зүтгүүр хүлээн авлаа
Тавантолгой түлш компани төмөр зам болон засмал замд явах Локомобиль зүтгүүрээ өнөөдөр хүлээн авлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард захиалж БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү зүтгүүр нь ачаатай 10 вагон буюу 1000 тонн ачаа татах хүчин чадалтай. Энэхүү зүтгүүрийг хүлээн авч ашиглалтад оруулснаар шахмал түлшний түүхий эдийг үйлдвэрийн хашаанд татан төвлөрүүлэх, вагон сэлгэн байршуулах ажил цаг хугацаа алдахгүй хурдан шуурхай явахаас гадна, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын түрээсийн зүтгүүрээс 20 дахин хямд, 48 цагт 80 литр дизель түлш зарцуулах юм байна.
Локомобиль зүтгүүрийг Галтхайрхан компани нийлүүлж байгаа бөгөөд нэг жилийн баталгаат хугацаатай юм байна.
2024-01-08