Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид Түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
“Тавантолгой түлш” ХХК-ийн Түлшний үйлдвэртэй Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн Б.Давааням багштай 11Г ангийн сурагчид танилцлаа. Танилцах аялалын үеэр сурагчид шахмал түлш үйлдвэрлэх технологийн процесс, түүхий эдийн боловсруулалт, бүтээгдэхүүний чанарын хяналтын талаар мэдээлэл авсан юм. Үйлдвэрлэлийн үе шат, дамжлага бүрийг үйлдвэрийн инженерүүдээр тайлбарлуулж, шахмал түлш хэрхэн бүтэж, хэрэглэгчдийн гэрт хэрхэн хүрдэгийг хүүхдүүд сонирхон асууж байлаа.
Энэхүү арга хэмжээ нь сурагчдын мэргэжлийн чиг баримжааг дэмжих, үйлдвэрлэлийн салбарын талаар мэдлэг мэдээллийг нь өргөжүүлэх, ажлын орчинтой танилцуулахад чухал ач холбогдолтойг анги удирдсан багш Б.Давааням онцоллоо. Мөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хагас коксон түлшний шилжилтийг хэрхэн хийж байгаа, цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж хэрэгжүүлэхийг ч сурагчид сонирхож байсан юм.